Орос улс цөмийн зэвсэг хэрэглэвэл АНУ шийдэмгий хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ

Орос улс цөмийн зэвсэг хэрэглэвэл АНУ шийдэмгий хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Украины дайнд цөмийн зэвсэг ашиглах нь Орост "гамшгийн үр дагавар" авчрах болно гэж Кремльд ням гараг /2022.09.25/-т анхааруулжээ. 

Энэ талаар Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, “Цөмийн зэвсгийн аливаа хэрэглээ нь Орост сүйрлийн үр дагавар авчрах болно. АНУ болон манай холбоотнууд эрс шийдэмгий хариу өгөх болно гэдгээ Кремльд шууд маш өндөр түвшинд анхааруулсан" гэжээ. 

Түүний хэлснээр, “хэрэв Орос улс цөмийн зэвсэг хэрэглэвэл АНУ шийдэмгий хариу арга хэмжээ авахын зэрэгцээ Украиныг төр, ардчиллаа хамгаалах хүчин чармайлтад нь дэмжлэг үзүүлсээр байх болно” гэжээ. 

Учир нь энэ сарын 21 /2022.09.21/-нд В.Путин Орос улсад “хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарлаж, Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт олон нийтийн санал асуулга явуулахыг дэмжиж, ОХУ-д халдлага үйлдсэн тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж заналхийлсэн юм. Харин НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдээлэлдээ, “В.Путины заналхийлэл нь аюултай бөгөөд бодлогогүй” хэмээн мэдэгдсэн. Мөн Ерөнхийлөгч В.Зеленский “Оросыг цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт эргэлзэж” байгаагаа мэдэгдсэн. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө