Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд ОХУ-ын модель хууль ёсны зөвшөөрөлгүй Монголын нэрийг төлөөлөн оролцсон байж болзошгүй байна

Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд ОХУ-ын модель хууль ёсны зөвшөөрөлгүй Монголын нэрийг төлөөлөн оролцсон байж болзошгүй байна

Орос, Украины дайны улмаас олон улсын тэмцээн уралдаанд оролцож чадахгүй болсон Оросын тамирчид иргэншлээ солин, гадаад орны нэрийн өмнөөс өрсөлдөх болсон. Улмаар  ОХУ-ын Якутын модель, “Снежная краса” цомын эзэн Елена Егорова Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд Монголын нэрийн өмнөөс оролцож буй талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Учир нь Елена Егорова өөрийн инстаграм хуудсандаа “Би “Miss Grand International” уралдаанд Монголыг төлөөлөн, оролцох болно. Энэ тэмцээнд оролцохыг дөрвөн жилийн өмнөөс мөрөөдөж байсан. Энэ боломжийг олгосон орчлон ертөнцөд талархаж байна” хэмээн бичжээ. Харин тэмцээний танилцуулгад “Би оросын хойд хэсэгт, жилийн есөн сар нь өвөл байдаг газар амьдардаг. Манай аав, ээж 40 жилийн өмнө Монголоос Орост ирсэн. Тийм болохоор би уралдаанд Монгол Улсыг төлөөлж байгаа” гэж ярьсан байна. Тэмцээний талаар холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тэгвэл энэ талаар Монголын гоо бүсгүй шалгаруулах “Мисс Монголиа” тэмцээнийг жил бүр зохион байгуулж “Miss International”, “Miss Intercontinental”, “Top Model of the World” зэрэг дэлхийн томоохон тэмцээнүүдэд оролцох оролцогчийг сонгон шалгаруулах эрхийг эзэмшдэг “Мисс Монголиа Холбоо”-ноос тодруулахад “Энэ манай франчайз эрхтэй тэмцээн биш тул ямар нэгэн мэдээлэл алга байна. Манай холбоо нь дэлхийн топ 3-н тэмцээний нэг Miss International болон нэр бүхий 10-д тэмцээнд Монголоос оролцогч илгээдэг. “Манай холбооноос өөр хэд хэдэн газар болон хувь хүмүүс байдаг.

Гэхдээ ямар ч газар оролцогч тодруулахад олон улсын тэмцээнд Монголын нэрийг төлөөлж байгаа бол Монгол оролцогч л явах ёстой” гэсэн юм.

Түүнчлэн Оросын ЯСИА сайтад дээрх үйл явдлын талаар дурдахдаа  “Якутын алдарт загвар өмсөгч, "Цасан гоо бүсгүй" цолны эзэн Елена Егорова Индонезид болж буй "Miss Grand International" олон улсын гоо сайхны тэмцээнд оролцож байна. Якут эмэгтэй Монгол Улсыг төлөөлж байгаа нь анхаарал татаж байна. Охины тайлбарласнаар эцэг эх нь өмнө нь Монголд амьдарч байсан бөгөөд 40 жилийн өмнө Орос руу нүүж иржээ” хэмээсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Сонирхуулахад, Оросын зарим хэвлэлийн мэдээлснээр Украины мөргөлдөөнөөс үүдэж Оросын тамирчид өөрсдийн нэр дээр олон улсын тэмцээнд оролцож болохгүй гэсэн байгаа. Гэвч Елена Егоровагын оролцож буй Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд энэ жил Орос улсыг Катерина Асташенкова төлөөлөн оролцож буй юм. Уг тэмцээн нь "Мисс Интернэшнл" гэх мэт тэмцээнүүдийг хамтатгасан дэлхийн  томоохон тэмцээний нэг аж.

Елена Егорова хажууд зогсож буй оросын модель Катерина Асташенкова

Иймд ОХУ-ын Якутын модель Елена Егорова олон улсын тэмцээнд хууль ёсны зөвшөөрөлгүй Монголын нэрийг төлөөлөн оролцсон байж болзошгүй байна.