Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар (ННҮГ)-ын даргаар ажиллаж байсан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч асан Д.Энхжаргал нарт холбогдох “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт хагас тэрбум төгрөгийн хохирол учруулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэг”-гийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна.
Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, улсад хагас тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх эл хэргийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж байна.
Шүүгдэгч Ш.Одончимэг нь Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2012 оны тавдугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны аравдугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд тус газрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Энхжаргалтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь баримтаар тогтоогджээ.
Тодруулбал, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар (ННҮГ)-ын даргаар ажиллаж байсан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч асан Д.Энхжаргал нар нь дараах байдлаар байгууллагын данснаас гүйлгээ хийж, улмаар өөртөө бараа худалдан авч, үйлчилгээ хийлгэсэн байжээ.
- Нэгдүгээрт: Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас “Унаган төгөл” ХХК-ийн дугаар тоот данс руу 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны аравдугаар сарын 17-ны өдрийг хүртэл 82 удаагийн гүйлгээгээр 162 сая 251 мянга 350 төгрөгийг “мах, хүнсний материал, бараа” гэсэн гүйлгээний утгатайгаар, мөн “Хөтөл тэлмэн" ХХК-ийн дугаар тоот данс руу 2017 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны аравдугаар сарын 17-ны өдрийг хүртэл 7 удаагийн гүйлгээгээр нийт 32 сая 797 мянган төгрөгийг “бараа материалын үнэ” гэсэн гүйлгээний утгатайгаар нийт 195 сая 48 мянга 350 төгрөг шилжүүлжээ. Үүнээс 157 сая 248 мянга 350 төгрөгөөр “Нараа бүтик” дэлгүүрээс өөртөө хувцас хэрэглэл худалдан авчээ.
- Хоёрдугаарт: Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас “Люкс таун” ХХК-ийн дугаар тоот данс руу 2012 оны зургадугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны аравдугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 64 сая 197 мянга 379 төгрөгийг “барааны үнэ, цэвэрлэгээний материал” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Гэвч Ш.Одончимэг нь уг мөнгөнөөс 17 сая 17 мянга 379 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд буюу хувьдаа тавилга, эд зүйл худалдан авсан үнийн дүнд тооцуулан авсан байна.
- Гуравдугаарт: Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас “Жоконди” ХХК-ийн дугаар тоот данс руу 2015 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны аравдугаар сарын 11-ний өдрийг хүртэл 30 удаагийн гүйлгээгээр нийт 93 сая 821 мянга 190 төгрөгийг “засварын материал, барааны үнэ, хүнсний материал” гэх мэт гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн боловч “Жоконди” ХХК-аас Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт ямар нэг бараа материал нийлүүлээгүй бөгөөд Ш.Одончимэг нь өөрийн хувийн хэрэгцээнд тус дэлгүүрээс хувцас, гоёлын хэрэглэл, хүнс зэргийг худалдан авчээ.
- Дөрөвдүгээрт: Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас “Ди Ди Өү Би" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дугаар тоот данс руу 2017 оны тавдугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны аравдугаар сарын 18-ны өдрийг хүртэл 10 удаагийн гүйлгээгээр нийт 46 сая 729 мянга 50 төгрөгийг “бараа материал, махны үнэ” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Гэвч "Ди Ди Өү Би” ХХК нь шүдний эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт бараа материал нийлүүлээгүй, харин Ш.Одончимэг нь өөрийнхөө шүдний эмчилгээний төлбөрийг Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас шилжүүлжээ.
- Тавдугаарт: Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас “Би Би Ай” ХХК-ийн Голомт банкны дугаар тоот данс руу 2017 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны аравдугаар сарын 18-ны өдрийг хүртэл 6 удаагийн гүйлгээгээр нийт 44 сая 634 мянга 650 төгрөгийг “барааны үнэ, гийн цаас, ажлын хөлс” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Гэвч “Би Би Ай" ХХК 425 мянган төгрөгийн бичгийн цаас Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт нийлүүлж тус компанийн захирал Б.Батбаатар дансаар мөнгө гаргасны шимтгэлд 7 сая 118 мянган төгрөгийг авч, 500 мянган төгрөгөөр Б.Д нараар дээврийн засуулж үлдэгдэл 32 сая 491 мянга 650 төгрөгийг Ш.Одончимэг хувьдаа бэлнээр авч, нийт 39 сая 609 мянга 650 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан байна.
- Зургадугаарт: Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас “Хосчой” ХХК-ийн дугаар тоот данснаас 2017 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны ессарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 33 сая 46 мянга 600 төгрөгийг “барааны материалын үнэ" ээр шилжүүлсэн боловч уг компаниас өөрийн охин Ц.Хэрлэнчимэгийн нэр дээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах КН апартментэд байрлах 195 дугаартай авто зогсоол, агуулахын хамт худалдан авчээ.
- Долдугаарт: Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас “Үлэмж грийс" ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны тоот данс руу 2013 оны наймдугаар сарын нэгний өдрөөс 2017 оны аравдугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 14 удаагийн гүйлгээгээр нийт 21 сая 777 мянга 745 төгрөгийг “материал, барааны үнэ" гэсэн утгаар шилжүүлсэн. Гэвч “Үлэмж грийс” ХХК нь гоо сайхны салоны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт бараа материал нийлүүлж байгаагүй. Ш.Одончимэг нь хувьдаа гоо сайхны үйлчилгээ авсан байна.
- Наймдугаарт: Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас “Мөнгөн гялбаа” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны дугаар тоот данс руу 2012 оны есдүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны гуравдугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 54 удаагийн гүйлгээгээр 637 сая 130 мянга 883 төгрөгийг “засвар, бараа материал, гэрээт ажил, эд хогшил авах, санхүүжилт” гэх мэт гүйлгээний утгаар шилжүүлжээ. Үүнээс 153 сая 744 мянга 742 төгрөгийг “Мөнгөн гялбаа” ХХК-ийн талбайг түрээсэлж, Сэрүүлэг зоогийн газар ажиллуулсны түрээсийн төлбөрт шилжүүлж болон бэлнээр авч хувьдаа зарцуулсан байна.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар (ННҮГ)-ын даргаар ажиллаж байсан Ш.Одончимэг нь ерөнхий нягтлан бодогч асан Д.Энхжаргал нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр нийт 562 сая 994 мянга 706 төгрөгийн буюу их хэмжээний хохирлыг Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт учруулж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байжээ. Шүүгдэгч Ш.Одончимэг, Д.Энхжаргал нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй” хэмээгээд мэдүүлэг өгөөгүй байна.
Харин дээрх үйлдлүүд нь баримтаар болон гэрчийн мэдүүлгээр нотлогджээ.
Мөн тэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлж, хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан учир шүүх тэдний хүсэлтээр хялбаршуулах журмаар хэргийг шийдвэрлэж, Ш.Одончимэгийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорин сая төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Энхжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорин сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.