АН-ын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүнээр С.Эрдэнийг баталгаажуулах тухай хүсэлтийг С.Эрдэнийн талаас Улсын дээд шүүх /УДШ/-д гаргасан бол, Х.Баттулгын талаас Ө.Шижирийг, “АН-ын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх” тухай хүсэлтийг гаргасан ч, УДШ тэдний хүсэлтийг хангахгүй орхиж, бүртгэхээс татгалзаж, өргөдлийг буцааж шийдвэрлэсэн байна.
-ДАРГА “ГЭХ” Д.ЭРДЭНЭСУВД, ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ “ГЭХ” И.МӨНХЖАРГАЛ НАР ХЭМЭЭН “ТИЙМ БИШ” ГЭСЭН ТОДОРХОЙЛОЛТЫГ УДШ ХЭРЭГЛЭЖЭЭ-
Энэ талаар УДШ-ийн тогтоолд, АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хэрэг эрхлэх газрын дарга гэх Д.Эрдэнэсувдаас, “АН-ын Үндэсний бодлогын хорооны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар АН-ын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.Эрдэнэ мөн болохыг баталгаажуулан 37 дугаар тогтоол гаргасан. Мөн намын XIV Их хурлыг 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, дээрх 37 дугаар тогтоолыг хэлэлцэн батламжилж, Улсын дээд шүүхэд уламжлахаар шийдвэрлэсэн” гэжээ.
Харин АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргал, П.Нүрзэд, Б.Ган-Очир нараас, “АН-ын ээлжит бус их хурал 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хурлаар АН-ыг тодорхой хугацаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг Ө.Шижирт олгосон тул Ө.Шижирийг АН-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийж өгнө үү” гэжээ.
УДШ-ын энэхүү тогтоолдоо дарга гэх Д.Эрдэнэсувд, итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргал нараас хэмээж “гэх” гэсэн тодорхойлолтыг хэрэглэсэн байгаа юм.
Тодруулбал, “гэх” гэсэн үг нь “тийм биш” гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд, УДШ-ыг тэднийг албан ёсны төлөөлөгчид гэж үзэхгүй байх талтай байгаа юм. Товчхондоо, тэд өөрсдийг дарга, төлөөлөгч гээд байгаа болохоос “тийм биш” гэсэн тодорхойлолтыг өгч байж болзошгүй байгаа юм.
-С.ЭРДЭНЭ, Ө.ШИЖИР НАРЫГ АН-ЫГ ИТГЭМЖЛЭЛГҮЙГЭЭР ТӨЛӨӨЛӨХ ХҮНЭЭР БҮРТГЭХЭЭС УДШ ТАТГАЛЗЖЭЭ-
Ингээд УДШ-ээс, “С.Эрдэнийн нэрийг сэргээлгэхийг хүссэн АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хэрэг эрхлэх газрын дарга гэх Д.Эрдэнэсувдын хүсэлт, АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргал, П.Нүрзэд, Б.Ган-Очир нараас гаргасан Ө.Шижирийг АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэх хүсэлтүүдийг тус тус хангахгүй орхиж бүртгэлд бүртгэхээс татгалзаж, өргөдлийг буцааж шийдвэрлэлээ” гэжээ.
Улмаар УДШ тогтоолдоо, “АН-ыг төлөөлөх эрхтэй этгээд, түүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал маргаантай гэж үзэж Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр цахим бүртгэлд бүртгэснийг хасаж, УДШ-ийн цахимд бүртгэлд С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж, АН-ын дарга, түүнийг төлөөлөх этгээдийн талаар нам дотооддоо шийдвэрлэж, бүртгэл хийлгэхээр дахин хандах эрхтэй ба харин намыг төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэл цахим мэдээлэлд тодорхой бус үлдсэн болохыг дурдаж шийдвэрлэсэн” гэжээ.