Б.Дэлгэрсайханы “Болдтөмөр ерөө гол” ХХК-ийн нэрээр $317 саяын зээлийг Хятадын банкнаас авсан хэрэгт НЯРАВ нь буруутгагдаж, ₮40 саяар торгуулж шийтгүүлжээ

Б.Дэлгэрсайханы “Болдтөмөр ерөө гол” ХХК-ийн нэрээр $317 саяын зээлийг Хятадын банкнаас авсан хэрэгт НЯРАВ нь буруутгагдаж, ₮40 саяар торгуулж шийтгүүлжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр /2022.10.28/ "гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж, улмаар хөөж гаргасан" талаар мэдээлэл хийсэн билээ.

Харин тэрбээр энэ үеэрээ ""Болдтөмөр Ерөө гол" компанийн хувьцаа эзэмшигч хятад иргэн Ли Шао Мигийн хөрөнгийг тус компанийн нярав Г.Оюунсүрэн гэх эмэгтэй 317 сая ам.долларын зээл авахад хамтран оролцож, хувьдаа 612 сая төгрөгийг завшсан. Энэ онд анхан шатны шүүхээс Г.Оюунсүрэнг 40 сая төгрөгөөр торгож, зорчих эрхийг нь долоон сараар хязгаарлаж шийдвэрлэсэн талаар мэдээлсэн.  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар шүүхээр шийдвэрлэгдсэн бусад хэргүүдийг тодорхой цаг хугацаатай, шүүхийн шийдвэрийн дугаартай нь мэдээлсэн ч УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы "Болдтөмөр Ерөө гол" ХХК-тай холбоотой дээрх хэргийг нарийн мэдээлээгүй нь анхаарал татав. Тиймээс бид эл хэргийг сурвалжиллаа. 

-НЯРАВ Г.ОЮУНСҮРЭНГ “БОЛД ТӨМӨР ЕРӨӨ ГОЛ” ХХК-ИЙН АШИГТ МАЛТМАЛЫН ЗӨВШӨӨРӨЛ, 2000 ШИРХЭГ ВАГОН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ БАРЬЦААЛЖ БНХАУ-ЫН БАНКНААС ОЛОН САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВСАН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ-

"Болдтөмөр Ерөө гол" компанийн нярав Г.Оюунсүрэн гэх хүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны дөрөвдүгээр сарын 8 /2022.04.08/-ны өдөр хэлэлцсэн байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Шүүхийн тогтоол

Тодруулбал, тус хэргийн яллагдагчаар Г.Оюунсүрэн, хохирогчоор “Болдтөмөр ерөө гол” ХХК, түүний охин компани болох “Инфинитиспэйс” ХХК оролцжээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын мэдээлсэнчлэн "Болдтөмөр Ерөө гол" компанийн нярав Г.Оюунсүрэн нь “Болд төмөр ерөө гол”, “Инфинитиспэйс” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 2000 ширхэг вагон, 12 ширхэг зүтгүүр, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг БНХАУ-ын Экспорт Импорт банктай барьцааны гэрээ байгуулж 200 сая ам.долларын зээл, мөн 2011 оны 10 дугаар сарын 19-ны өдөр БНХАУ-ын Хөгжлийн банканд “Болдтөмөр ерөө гол” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг давхар барьцаалах гэрээг байгуулах замаар БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 175 сая ам.долларын зээл авахад “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ли-тэй хамт оролцсон. Улмаар гэмт хэргийн улмаас 612 сая төгрөгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Тухайлбал,  "Болдтөмөр Ерөө гол" ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах Хандгайтын төмрийн хүдрийн орд газрын үйл ажиллагааг сайжруулах, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр бий болгох зорилгоор БНХАУ-ын Экспорт Импорт банкнаас зээл авахаар "Болдтөмөр Ерөө гол" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ли-гээр дамжуулан хөөцөлдүүлж байжээ.

Уг ажлын Монгол дахь талын бичиг баримтыг нярав гэх Г.Оюунсүрэн нь хариуцан ажиллаж, бүхий л бичиг баримтыг бүрдүүлэн өгч байсан байна.

Улмаар тус зээл бүтэхгүй байна гэх шалтгаанаар дахин БНХАУ-ын Хөгжлийн банкнаас зээл авахаар мөн бүхий л холбоотой бичиг баримтыг Г.Оюунсүрэн нь бүрдүүлэн өгчээ. Тэр ч бүү хэл Их британийн Виржиний арлуудад “МЛ" ХХК-ийг байгуулсан байна. Тухайн үед хөрөнгө оруулагч Ли нь холбоотой бүхий л бичиг баримтыг авсан ч “зээл бүтэхгүй байна, яриа хэлэлцээр хийж байна” гэх тайлбар хэлсээр байсан аж.

-НЯРАВ Г.ОЮУНСҮРЭН НЬ ШУНАХАЙН ЗОРИЛГЫН ҮҮДНЭЭС ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ БИЕЧЛЭН ГҮЙЦЭТГЭСЭН ГЭЖ ШҮҮХ ҮЗЖЭЭ-

Гэвч Ли нь Г.Оюунсүрэнийн бүрдүүлж өгсөн материалын дагуу “Болд төмөр ерөө гол”, “Инфинитиспэйс” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 2000 ширхэг вагон, 12 ширхэг зүтгүүр, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж зэргийг барьцаалж, БНХАУ-ын Экспорт Импорт банкнаас 200 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 175 сая ам.долларын зээл авсан байжээ.

Улмаар тухайн хөрөнгөө “Болдтөмөр ерөө голд” мэдэгдэлгүй Их британийн Виржиний арлуудад “МЛ" ХХК-ийн дансаар авсан байсан талаар шүүхийн шийдвэрт дурдсан.

Тиймээс “Болдтөмөр ерөө голд” БНХАУ-ын банканд барьцаанд тавьсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, тоног төхөөрөмжийн гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна. Шүүхээс “Болдтөмөр ерөө гол” ХХК-ийн нярав гэх Г.Оюунсүрэнийг тус компанийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч Ли-тай шунахайн зорилгын үүднээс залилах гэмт хэргийг биечлэн гүйцэтгэсэн. Үүнийхээ  Ли-гээс 612 сая төгрөг авсан гэм буруутайд тооцсон байна. Харин нярав гэх Г.Оюунсүрэнийн "Болдтөмөр ерөө гол" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ли-д бүрдүүлж өгсөн гэх бүхий л гэрээ, хэлцэл, баримт бичгийг шүүхээс хүчингүй болгосон байх аж. Товчхондоо,  "Болдтөмөр ерөө гол" ХХК хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Ли-д хулхидуулсан, үүнд нь нярав Г.Оюунсүрэн оролцсон хэмээн шүүхээс үзэж, түүнийг 40 сая төгрөгөөр торгох, 7 сарын хугацаагаар зорчих эрхээ хасуулах ялаар шийтгэсэн байна.