Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд 1.4 их наяд төгрөг зарцуулна

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд 1.4 их наяд төгрөг зарцуулна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг дүгнэн, ирэх оны төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд нийслэлийн ИТХ дахь хоёр намын бүлэг болон тус хурлын дэргэдэх ажлын хороод санал дүгнэлтээ танилцууллаа.

2019 оны үндсэн чиглэлийн биелэлтийг Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс хангалттай гэж үнэлсэн байна. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 4.3 ам метр болгосон, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд 3500 гэрэлтүүлэг суурилуулсан, бичил бизнес эрхлэгчдийн санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэн, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр ажилласан зэрэгт үндэслэн тэд ингэж дүгнэжээ.

Харин нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ц.Баатархүү 2019,оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг бодитой бус дүгнэсэн гэж үзэв. Тэрбээр “Хийгээгүй ажлаа хийсэн болгож тайлагнадаг хотын удирдлагатай болжээ. Энэ онд олон ажлыг хугацаанд нь дуусгасангүй, заримыг нь огт эхлүүлээгүй. Уг нь нийслэлийн төсөвт урьд жилүүдийнхээс хамаагүй их мөнгө төсөвлөсөн. Дулааны улиралд хийх шаардлагатай зам, барилга, тохижилтын ажлыг энэ сард эхлүүлж байгаа нь дутагдалтай” гэв. Түүнчлэн Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүн, санхүүгийн эх үүсвэр зэрэг нь тодорхойгүй ажил олон байгааг шүүмжлээд, түүний оронд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг үргэлжлүүлэх, багш, эмч нарын индексийн урамшууллыг нэмэх санал дэвшүүлэв.

Дараа нь ажлын хороод дүгнэлтээ танилцуулсан. Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын Төсөв, санхүү эдийн засгийн хорооны дарга Ц.Сандаг-Очир 2019 оны үндсэн чиглэлийн биелэлтийг үр дүнтэй байна гэж дүгнээд ирэх онд хэрэгжүүлэх боломжгүй, хэт ерөнхий саналуудыг хасах хэрэгтэйг анхааруулав.

Бага сургууль, цэцэрлэгийн 13 барилга барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөснийг 23 болгох, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр тусгай бодлого боловсруулан хэрэгжүүлэх, төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжгүй, 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын зуухтай газруудын цахилгааны төлбөрийг тэглэх, ой нөхөн сэргээх, цэвэрлэх үйл ажиллагаанд дэвшилт технологи нэвтрүүлэх зэрэг холбогдох газрынхны саналыг ирэх оны үндсэн чиглэлийн төсөлд нэмж тусгахаар болов. Ийнхүү нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг үр дүнтэй хэмээн эцэслэн дүгнэж, санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 63.6 хувь нь ирэх оны төслийг дэмжин, 1.4 их наяд төгрөгийн төсөвтэй байхаар баталсан байна.