Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн, яллагдагч Ё.Баатарбилэгт 2022 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж, хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээгээ цуцлуулах хүсэлтийг гаргасан байна. Тэрбээр тус хүсэлтдээ "Улсын ажлаар гадаад улс руу явах шаардлагатай байгаа учир хилийн хоригийг цуцалж өгнө үү" гэжээ.
Түүний энэхүү хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 14-ний өдөр хэлэлцээд "Татгалзаж" шийдвэрлэсэн байна.
Ташрамд өгүүлэхэд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Хөгжлийн банкны хэрэгт холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд ирүүлсэн байдаг.
Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ё.Баатарбилэгт 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.