ВИДЕО: Ираны шигшээ багийн тоглогчид сүлд дууллаа дуулсангүй

ВИДЕО: Ираны шигшээ багийн тоглогчид сүлд дууллаа дуулсангүй

Катарт үргэлжилж буй эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний (ДАШТ) B хэсгийн тоглолт Англи, Ираны шигшээ багуудын тоглолтоор эхэллээ.

Тоглолт эхлэхийн өмнө багууд талбайд төрийнхөө сүлд дууллыг дуулдаг уламжлалтай. Харин Ираны шигшээ багийн тамирчид өчигдөр /2022.11.21/ төрийн дууллаа дуулсангүй. Учир нь эх оронд нь болж буй иргэдийнхээ тэмцлийг дэмжиж, эрх баригчдадаа эсэргүүцэл илэрхийлж, ийнхүү дуугүй зогсжээ. 

Одоогоор Иран Улсад 22 настай Махса Амини хэмээх бүсгүй шашны ёсноос гадуур хувцасласан шалтгаанаар цагдаагийн хэсэгт саатуулагдаад байхдаа учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан харамсалтай хэрэгтэй холбогдуулан тус улсын иргэд засгийн газрынхаа эсрэг хоёр сарын турш тууштай тэмцэж, жагсаалууд зохион байгуулагдаж байгаа юм. Тэмцэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Мөн тус улсын хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр өнгөрсөн хугацаанд Тегераны чанга дэглэмээс үүдэж 400 гаруй тэмцэгч алагдаж, 16,800 орчим хүн баривчлагджээ. Харин ираны эрх баригчид иргэдийн тэмцлийг гадаадаас зохион байгуулсан “үймээн самуун” хэмээн нэрлэсэн аж. 

Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сард болсон ДАШТ-ий өмнөх олон улсын хоёр тэмцээний үеэр Ираны хөл бөмбөгчид энгэр дэх шигшээ багийнхаа бэлгэ тэмдгийг халхалж, тэмцэгчидтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байжээ. Мөн энэ үеэр тоглолтыг шууд дамжуулсан Ираны төв телевиз төрийн дуулал эгшиглэх үеэр камераа тамирчдаас шилжүүлж, стадионы ерөнхий дүрсийг харуулсан байна. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бич өдөр

24 минутын өмнө