Ганцхан сарын өмнө /2022.10.28/ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд 1000 хүний суудалтай спорт цогцолборыг ашиглалтад оруулсан. Улсын төсвийн 15 орчим тэрбум төгрөгөөр баригдсан тус спорт цогцолбор нь сагс, волейболын заалтайгаас гадна бөх, боксын бэлтгэлийн өрөө, хамгийн орчин үеийн шийдэл бүхий мөсөн талбай, ресторан, бялдаржуулах танхим, теннисний өрөө, усан бассейн зэргээс бүрдсэн юм.
Харамсалтай нь нийгмийн өндөр ач холбогдол бүхий тус цогцолборын газар нь хувийн хэвшилд булаагдсанаас үүдэн гаднаа машин тавих зогсоолгүй байна.
ВИДЕО:
Д.БАТ-ЭРДЭНИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛСАН "ЭРДЭНЭ СУВАРГА" ХХК НЬ СУРГУУЛЬ, ХОРОО, ӨРХИЙН ЭМНЭЛЭГ ЗЭРЭГ ОЛОН БАЙГУУЛЛАГЫН ГАЗРЫГ АВЧЭЭ-
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар 2012-2016 онд ажиллаж байсан Д.Бат-Эрдэнэ нь хамаарал бүхий “Эрдэнэ Суварга” компаниараа /одоо төрсөн дүү Д.Дагвадоржийн нэр дээр бүртгэлтэй/ тус цогцолборын эргэн тойрон дахь газрыг хууль бусаар эзэмшилдээ авчээ.
Анх тус газар нь бүхэлдээ 39 дүгээр сургуулийн биеийн тамир, спортын талбай байсан бөгөөд Д.Бат-Эрдэнэ нь эндхийн ойролцоох уурын зуухыг хувьчилж аван улмаар бага, багаар нэмж газар авч түүнийгээ кадастарт тусгуулан одоо үйлчилгээний төв, орон сууцны барилга зэргийг бий болгожээ. Ганц 39 дүгээр сургуулийн талбай бус тус байрлалд үйл ажиллагаа явуулдаг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 124 дүгээр цэцэрлэг, өрхийн эмнэлэг, Улаан Загалмайн хороо, Соёлын төв зэргийн газарт ч халдсан байна.
Энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан Ч.Болормаа гэх бүсгүй 2015 онд Нийслэлийн өмчийн харилцааны газар, тухайн үеийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нарт хүсэлт хүргүүлж байжээ. Түүний илгээсэн Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүлэх тухай бичигт "Эрдэнэ Суварга" ХХК нь дээрх байгууллагуудын орчны нийтийн эзэмшлийн талбай зорчих хэсэг, хүүхдийн тоглоомын талбай байрших газруудыг жилээр кадастрын баталгаажилт хийлгэн сунгаж эзэмшилдээ авч иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд эдгээр байгууллагуудын гадна талбайн тохижилт цэцэрлэгжүүлэлт, иргэдийн төрийн үйлчилгээ саадгүй авахад маргаан үүсгэж хүндрэл учруулж байгааг харгалзан өмнөх шийдвэрүүдийг цуцалж газар чөлөөлөн хил хязгаарыг шинэчлэн тогтоож өгөхийг хүсье" гэжээ.
-СУРГУУЛИЙН ГАЗРЫГ ХУУЛЬ БУСААР АВЧ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛД ЯАГААД ТАСЛАН ЗОГСООГООГҮЙ ВЭ -
Түүний энэ хүсэлтэд хэн ч хариу ирүүлээгүй бөгөөд энэ хугацаанд Д.Бат-Эрдэнэ нь авсан газрын хэмжээгээ тэлсээр байсан нь одоогийн тус бүс орчмын дүр төрхөөс харагдана.
Одоо дээрх байгууллагуудыг харвал хоёр машин зөрөх зайгүй, явган хүний алхах талбайгүй иргэд бэртэж, гэмтэх эрсдэлтэй байна. Хамгийн гол нь энэ нь сургуулийн бүс орчим бөгөөд хүүхдийн аюулгүй зорчих байдал алдагдах эрсдэлтэй байгааг холбогдох газрынхан анхаарна уу. Гарц орц, явган хүний зам талбай, машины зогсоол байх газарт оронд НЭГ ДАВХАР үсчин, эмийн сан, юу нь үл мэдэгдэх сэндвичэн барилга, баригдж орон сууц зэрэг л байна.
Өнөөдрийн байдлаар тус бүс орчмын явган хүний гарц, орц нийтийн эзэмшлийн талбай нь Д.Бат-Эрдэнийн “Эрдэнэсуварга” компани болон түүний төрсөн дүү Д.Дагвадорж мөн эхнэр Б.Болормаагийн нэр дээр бүртгэлтэй байна. Тус газрыг “булаах” ажил аль 2012 оноос эхлэлтэй байж мэдэх бөгөөд энэ үед Чингэлтэй дүүргийн Засаг даргаар одоогийн Улаанбаатар хотын менежер Д.Ганболд ажиллаж байжээ. Тиймээс УГ газрын наймааны хэрэгт Д.Ганболдыг оролцоотой байж болзошгүй талаарх олон нийтийн хардлага байдаг. Учир нь тухайн үед тус газрыг хууль бусаар эзэмшиж буй үйлдлийг эсэргүүцэж иргэд, олон нийтийн зүгээс Д.Ганболдод гомдол өгөхөд шийдвэрлэх нь бүү хэл огт хариу өгч байгаагүй гэдэг. Хамгийн ноцтой нь нийслэлийн өмчийн 39 дүгээр сургуулийн газар хэрхэн, ямар замаар, яаж яваад Д.Бат-Эрдэнэд очсон талаарх мэдээллийг Нийслэлийн газрын албаны архиваас хайхад олдоггүй бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар устгагдсан байх магадлалтай байдаг аж.
39 дүгээр сургуулийн газар нь нийслэлийн өмчит бүртгэлтэй. Зохих хууль журмын дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар л тус газрын авах боломжтой байгаа юм. Тэгэхээр Д.Бат-Эрдэнэ нь сургуулийн бүс орчмын газрыг кадастржуулж авахдаа Нийслэлийн Засаг даргын дэмжлэгийг авсан байх магадлалтай байгаа юм. Учир нь энэ талаарх баримт Нийслэлийн архивт байсан ч одоо олдохгүй, Нийслэлийн хэн гэх Засаг дарга захирамж гаргасан зэрэг нь тодорхой болохгүй байна. Мөн хууль бусаар сургуулийн өмчит халдаж, хүүхдүүдийн эрхийг зөрчиж байхад тухай үед Засаг даргаар ажиллаж байсан Д.Ганболд яагаад таслан зогсоогоогүй вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.