Оросын жанжин штабын дарга В.Герасимовыг Украины цэргийнхэн устгахыг оролдсон гэж Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ

Оросын жанжин штабын дарга В.Герасимовыг Украины цэргийнхэн устгахыг оролдсон гэж Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ

Украины цэргийнхэн Оросын жанжин штабын дарга Валерий Герасимовыг фронтын шугамд очиход түүнийг устгахыг оролдсон гэж Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ. Мөн энэ мэдээллийг Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх н.Арестович баталсан байна.

Энэ талаар н.Арестович, “түүнийг хорлох оролдлого өнгөрөгч дөрөв, тавдугаар сарын хоёрдугаар хагаст Харьков мужийн Изюм хотод болсон. Бид түүнийг Изюмд байхад нь цохилт өгсөн” гэжээ.

Харин түүний хэлснээр Украины цэргийнхэн В.Герасимовын байрлаж байсан төв байрыг бүрэн бүсэлсэн ч, тэрээр бага зэрэг эрт тус газраас гарч явж чадсан байна.

Гэтэл Оросын жанжин штабын дарга В.Герасимовын Изюм хотод хийсэн айлчлалын талаар Оросын тал мэдээлээгүй байна. Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, “Америкийн тагнуулынхан В.Герасимовын тус айлчлалын төлөвлөгөөг урьдчилан мэдэж байсан ч, Украины талд ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Гэсэн хэдий ч Украины тал түүний айлчлалын талаар мэдсэн хэвээр байгаа бөгөөд энэ нь хурцадмал байдалд хүргэж болзошгүй хэмээн Киевээс дайралт хийхгүй байхыг Вашингтон хүссэн байна” гэжээ. 

Саяхан В.Герасимовыг албан тушаалаасаа огцрох магадлалтай гэсэн яриа гарсан ч Украины тал тус мэдээллийг "хов жив" гэж нэрлэжээ. Учир нь В.Герасимов 2012 оноос хойш ОХУ-ын Жанжин штабыг тэргүүлж байгаа юм. 

Эх сурвалж: Varlamov news