Rowan: 17 жилийн өмнөөс Монголын өв соёлыг сонирхож, хөгжим цуглуулж хөөмий сурч эхэлсэн /ВИДЕО/

Rowan: 17 жилийн өмнөөс Монголын өв соёлыг сонирхож, хөгжим цуглуулж хөөмий сурч эхэлсэн /ВИДЕО/

Тэртээх мянганы үүх түүхийг эртний эдлэл, эрэмгий баатрын түүхээс гадна, төрөхөөс үхэх хүртэлээ бие оюунаараа тээн өвлүүлсэн уламжлалт урлаг тодорхойлдог билээ. Тэгвэл энэхүү соёлын биет бус өвийг олон улсад сурталчилан таниулж буй нэгэн Голланд эрхэмийг бид энэ удаа онцлон ярилцлаа. 

ВИДЕО: 

Тэрбээр Монголын үндэсний урлагаас гадна уламжлалт ахуйн соёлыг амьдралдаа хэвшүүлжээ. Түүнчлэн 400 гаруй жилийн настай, хил дамнан зарагдаад 18 жилийг өнгөрүүлж таван эзний гар дамжсан  “Хүрэн халзан” морин хуур эх нутагтаа эргэн ирсэн талаар бид мэдээлж байсан. Харин энэхүү соёлын үнэт өвийг эх нутагт нь буцаасан эрхэм бол Rowan Lee Hartsuiker билээ. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу. 

-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний нэрийг Rowan Lee Hartsuiker гэдэг. Би Нидерланд Улсад гэр бүлийн хамт амьдардаг. Веб-дизайн мэргэжилтэй. Мөн мэргэжлийн бус хөгжимчин /инээв/.

-Гэр бүлээ танилцуулбал?

-Миний эхнэрийг М.Саран гэдэг. Миний хүүг Жиро Жамуха гэдэг. Долоон настай.

Түүний гэр бүл

-Монголын уламжлалт өв соёлыг хэдийгээс эхлэн сонирхох болов? 

-Би Монгол Улсын өв соёлыг 17 жилийн өмнөөс сонирхож эхэлсэн. Анх 2006 онд Hosoo & Trans Mongolia хамтлагийн тоглолтод очиж байсан юм. Тэр үед монгол хөөмийн болон урлагийн гайхамшгийг мэдэрсэн. Тэгээд Хөөмийч Д.Хосбаяр багшийн хамт монголд нэгэн сайхан хөөмийн аялал хийсэн дээ. Тэр үеэс миний амьдрал монголын соёл урлагтай нягт холболдогдсон гэж хэлж болно.

-Бид өмнө нь бид тантай ярилцахдаа монгол гэр, ахуйн соёлыг онцолж байсан. Харин энэ удаа хөгжмийг илүүтэй онцлохыг зорилоо. Нэлээд олон үндэсний хөгжмийн цуглуулгатай гэж сонссон?  

-Тэгэлгүй яах вэ. Жилийн хугацаанд би хөгжмөө баггүй хөгжүүлсэн. Мөн өнгөрсөн жилүүдэд олон төрлийн монгол үндэсний хөгжмийн зэмсгүүд цуглуулсан. Миний цуглуулгад морин хуурын олон төрөл байдаг. Тухайлбал, товш хуур, төмөр хуур, хулсан хуур, цуур, алтай ятга гэхчлэн. Хамгийн сүүлд нэг гоё товш хуур шинээр нэмсэн байгаа. 

XVII зууны "Хүрэн халзан" морин хуур

-ОЛОН ЖИЛ ХҮЛЭЭСНИЙ ЭЦЭСТ МОНГОЛЫН СОЁЛЫН ҮНЭТ ӨВ "ХҮРЭН ХАЛЗАН" МОРИН ХУУРЫГ ХУДАЛДАН АВЧ, ЭХ НУТАГТ НЬ БУЦААСАН-

-Таны цахим сүлжээнд байршуулсан бичлэгүүдээс харахад дээр дурдсан бүх хөгжмөө тоглож, хөөмийлж харагдсан. Тоглох дуртай монгол аялгуунаасаа дурдвал? 

-Тиймээ. Би олон төрлийн аялгуу, магтаал, ардын дуу зэргийг өөрийн өнгө аясаар тоглох дуртай. Миний тоглох дуртай дуунуудын нэг нь зүүдний говь, дөрвөн настай халиун, элстийн ганга, манай говиор зочлон очоорой гэх мэт. Мөн энхэртэйгээ ардын дууг монгол аялгуутай хослуулан тоглодог. Харин хөөмийн анхны суурийг монголын алдарт хөөмийч Дангаагийн Хосбаяр багш маань тавьж өгсөн. Түүнээс хойш би цахимаар болон бусад олон хөөмийч найзуудынхаа тусламжаар өөрийгөө дайчлан сурсан юм. Мөн алтай ятгыг Д.Ганпүрэв багшаар нэг жилийн өмнө заалгаж эхэлсэн. Одоо ч суралцсаар л байна.

-Тэгэхээр Д.Ганпүрэв багшид монголын үнэт соёлын өв "Хүрэн халзан" морин хуурыг бэлэглэсэн шавь гэдэг хүн нь та байх нээ. 

-Тиймээ. "Хүрэн халзан морин хуур" нутагтаа очсон нь маш сайхан үйл явдал болсон. Би тэр хуурыг олон жилийн өмнө Амстердам хотод анх харж байсан юм. Түүнээс эхлээд л авахыг хүссэн ч яагаад ч болохгүй байсан. Надад зараагүй юм л даа. Гэтэл нэг жилийн өмнө надад энэхүү хуурыг олон жил хүлээсний эцэст худалдан авах боломж олдсон юм. Тэгээд би "Хүрэн халзан" морин хуурыг Д.Ганпүрэв багшид бэлэг болгон өгснөөр "Хүрэн халзан" хуур эх нутагтаа хүндэтгэлтэйгээр заларсан. Үүнд би маш их баяртай байна.

-БИ БАЙГАЛЬ БОЛОН АМЬТАНД ХАЙРТАЙ УЧИР МОНГОЛЫН ӨВ СОЁЛ НАДАД ЗОХИЦДОГ-

-Монголын үндэсний урлагийн талаарх өөрийн бодлоо хуваалцвал? Мөн юу нь танд хамгийн их таалагддаг вэ? 

-Монгол уламжлалт урлаг маш өргөн цар хүрээтэй урлаг юм. Жишээ нь уртын дуу, морин хуур, ардын дуу, бие биелгээ, харилцаа дуу, хөөмий, магтаал, домог гэхчлэн энэ бүхний гайхалтай маш ойрхон хоорондоо гүн холбоотой байдал нь надад таалагдсан. Бас би байгаль болон амьтанд хайртай хүн учраас монголын соёл надад зохицдог юм. 

-Монголын соёлын үнэт өв болох XVII зууны "Хүрэн халзан" морин хуурийг эх оронд нь буцаан дахин нэгэнтээ эгшүүлэх боломжийг олгосон танд талархал илэрхийлээд энэ удаагын ярилцлагаа өндөрлөе. Бидэнтэй ярилцан танд баярлалаа. 

-Хүндэтгэл үзүүлж буйд маш их баярлаж байна. Мөн намайг онцолж нэвтрүүлэгтэй оруулсанд маш их баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.