ТОЙМ: В.Зеленскийн аюулгүй байдлыг АНУ-ын агаарын хүчин хариуцаж Вашигтонд хүргэсэн бол, айлчлалын үр дүнд Украин, Оросыг ноёлохоор болж байна

ТОЙМ: В.Зеленскийн аюулгүй байдлыг АНУ-ын агаарын хүчин хариуцаж Вашигтонд хүргэсэн бол, айлчлалын үр дүнд Украин, Оросыг ноёлохоор болж байна

Өнгөрч буй долоо хоногт монголд “Нүүрсний” гэх асуудал онцлох сэдэв байсан бол Олон улсад Украины Ерөнхийлөгч В.Зеленский дайн эхэлснээс хойш хилийн чанадад анх удаагаа айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийж, тус улсын Конгресст үг хэлсэн чухал сэдэв байлаа.

Учир нь түүний амь нас эрсдэх магадлал өндөр байгаа тул тус айлчлалыг нууцалж, урьдчилж зарлаагүй байна.

-ОРОСУУД ШУМБАГЧ ОНГОЦНООС ПУУЖИН ХАРВАЖ МАГАДГҮЙ ТУЛ НАТО-ЫН ТАГНУУЛЫН ОНГОЦНУУД ХЯНАЛТЫН НИСЛЭГ ХИЙЖ БАЙЖЭЭ-

Харин В.Зеленский айлчлалынхаа өмнө фронтын гол шугам гэгдэж буй Бахмутэд очиж, цэрэг дайчидтай уулзаж байгаа мэдээлэл гарсан. Харин тэрээр Бахмутээс тусгайлан бэлтгэж, нууцалсан галт тэргэнд сууж, Польшийг зорьж Ржешов хотод очсон байна. Түүнийг Польшоос АНУ-ын агаарын хүчний “Боинг C-40B” онгоцоор Вашингтонд хүргэсэн талаар гадаадын хэвлэлүүд онцлон мэдээлж байна.

Сөнөөгч F-15

Харин В.Зеленскийн гэнэтийн айлчлалыг зохион байгуулахад АНУ-ын тал аюулгүй байдлыг нь бүрэн хангасан аж. Польшид түүнийг АНУ-ын агаарын хүчний онгоц хүлээж авсны дараа НАТО-ын тагнуулын онгоц болон сөнөөгч F-15 онгоцнууд дагалдан нисжээ. Учир нь Оросууд байнга пуужин харваж байгаа тул Украины нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэх нь аюултай бөгөөд В.Зеленскийг галт тэргээр Польшид хүргээд, цааш нь онгоцоор АНУ-д хүргэсэн нь энэ аж.

НАТО-ын тагнуулын онгоц

Түүний суусан “Боинг C-40B” онгоц хойд тэнгисийн дээгүүр нэвтрэхээс өмнө НАТО-ын тагнуулын онгоцнууд “Оросууд шумбагч онгоцноос пуужин харвахаас нь сэргийлж”, хяналтын нислэг хийж байжээ. Харин “Боинг C-40B” онгоцыг сөнөөгч F-15 онгоцнууд нислэгийн турш дагалдан нисэж хамгаалжээ. Ингээд В.Зеленский 10 цаг орчим ниссэний эцэст Лхагва гарагт Вашингтоны ойролцоох “Эндрюс” нисэх буудалд газардсан байна. Түүний аюулгүй байдлын үүднээс айлчлалын талаар АНУ-д суугаа Украины элчин сайдын яамны ажилтнуудад ч мэдэгдээгүй байжээ.

-АНУ-ААС УКРАИНД АГААРЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ “PATRIOT” СИСТЕМ, ИХ БУУ, ТАНКНЫ СУМ ӨГЧ БАЙГАА НЬ УКРАИН ХОЛ, ОЙРЫН ЗАЙД ОРОСУУДЫГ НОЁЛОХООР БОЛЖ БАЙНА-

Зарим хэвлэлд мэдээлж буйгаар, Жо Байдeн, В.Зеленский нар энэ сарын 11 /2022.12.11/-ний өдөр айлчлалын талаар ярилцаж, тус айлчлалд бэлтгэх төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн гэжээ. Ингээд энэ сарын 21 /2022.12.21/-ны өдөр Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай В.Зеленский уулзалт хийсэн бөгөөд уулзалтынхаа эхэнд Украины “HIMSRS”-ын командлагчаас дамжуулан өгсөн Украины “Цэргийн гавьяаны төлөө” медалийг Жо Байденд гардуулсан юм. Энэ үеэр Жо Байден, “Путины явуулж буй харгис дайны эсрэг би та нартай хамт, хажууд тань байгаа маань нэр төрийн хэрэг” гэжээ.

Харин тэдний хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Жо Байден, “АНУ-аас Украинд агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Patriot” цогцолбор бүхий 1.85 тэрбум ам.долларын шинэ багц тусламж үзүүлж байна” гэж мэдэгдсэн юм.

“Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системийн нэг батерей

“Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системийн зенитийн батерей нь тус бүрдээ дөрвөн пуужинтай 4-8 хөөргөгчөөс бүрддэг байна. “Patriot” нь 100-160 км зайд, 3-24 км хүртэл өндөрт байгаа ямар ч байг устгах чадвартай бөгөөд “Patriot”-ын ганц батерей л гэхэд Киев хотыг бүрэн хамгаалах чадвартай бөгөөд тус байгууламжийг ажиллуулахад 90 орчим цэргийн албан хаагч шаардлагатай ажээ. Энэ утгаараа АНУ-ын тусгай бэлтгэгдсэн цэргийн алба хаагчид Киевт ажиллана гэсэн үг юм.  

Мөн АНУ-аас Украинд 100 мянган ширхэг танкны сум, 65 мянган ширхэг их бууны сум, 50 мянган ширхэг цохилтын град пуужин өгөхөөр болсон байна. Дээрх бүх тусламжууд нь Оросын хувьд маш таагүй мэдээ бөгөөд оросууд холын төдийгүй ойрын зайд ч Украинд ноёлуулахаар болж, дайны явц ардчиллын тал руу бүрэн эргэж байна гэсэн үг юм.  

Харин В.Зеленский Лхагва гаргийн орой нь АНУ-ын Конгресст үг хэлсэн. Тэрээр энэ үеэрээ, “Украин улс амьд байна. Бид хэзээ ч бууж өгөхгүй. Энэ дайнд Украин эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалж, Европ болон бүх чөлөөт ертөнцийн аюулгүй байдлын төлөө тэмцэж байгаа” гэж цохон тэмдэглэсэн байна. Мөн тэрээр, “Бид оюун санааны хувь Оросыг ялсан. Оросууд толгой дээрээ байгаа Кремлийн дэглэмийг ялж эрх чөлөөтэй болох болно. Би нарт хэлье, Украины ард түмэн гарцаагүй ялах болно” гэжээ.

Эх сурвалж: BBC, NBC news