Хятад Улс хилээ нээсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэллээ

Хятад Улс хилээ нээсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэллээ

Хятадын эрх баригчид ковидтой холбоотой хязгаарлалтуудыг эрс сулруулсны дараа Хятадын оршин суугчид онгоцны тийз болон гадаад аяллын тасалбаруудыг худалдаж авах нь өнгөрсөн онтой харьцуулахад 10 дахин нэмэгдсэн гэж аялал жуулчлалын Trip.com сайтад нийтлэгдснийг ВВС агентлаг эш татан мэдээлэв.

Тодруулбал, БНХАУ нэгдүгээр сарын наймны өдрөөс эхлэн Хятадад ирсэн хүмүүсийг тусгаарлах журмаа цуцлахаар болсон талаар зарласан юм. Ингэхдээ эхний ээлжинд ажиллах эсвэл сургалтын визтэй хүмүүс, мөн төрөл садан дээрээ очих зорилготой хүмүүс Хятадын хилээр нэвтэрэх аж. Улмаар Хятадуудын хамгийн их хайж, сонгосон чиглэлүүд нь Макао, Хонконг, Япон, Тайланд, Өмнөд Солонгос гэсэн орнууд байгаа аж.

Мөн дээрх явдлын дараа дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар болжээ. Учир нь Хятад хатуу хөл хорионоос татгалзаж эхэлсний дараа тус улсад халдварын тохиолдол огцом нэмэгдсэн нь "анхнаасаа хатуу хөл хорионд байсан хүмүүсийн дунд сүргийн дархлаа үүсэх боломжгүй байсан"-тай холбоотой гэж шинжээчид үзэж байгаа юм.

Тухайлбал, Хятадын жуулчид ихээр зорьдог Япон улс БНХАУ хилээ нээхээр болсонтой холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэдгээ зарлалаа. Хятадад коронавирусийн халдварын тохиолдол огцом нэмэгдэж байгаа тул энэ улсаас Японд ирсэн жуулчид ковидын шинжилгээний сөрөг хариу үзүүлэх эсвэл долоо хоног тусгаарлагдах ёстой гэж Японы эрх баригчид мэдэгджээ.Мөн АНУ-ын эрх баригчид тус улсаас ирэх зорчигчдод нэвтрэх хязгаарлалт тогтоож байна.

Тодруулбал, “нэгдүгээр сарын 5-наас эхлэн Хятадаас тус улсад нисэх онгоцоор ирж буй 2 ба түүнээс дээш насны бүх зорчигч Хятад, Хонконг, Макаогоос нисэхээсээ хоёроос илүүгүй хоногийн өмнө шинжилгээ өгч, агаарын тээврийн компаниудад шинжилгээний “сөрөг” хариуг үзүүлэх ёстой. Сүүлийн үед Хятадад “Covid-19”-ийн халдвар хурдацтай нэмэгдэж байгаа нь вирусний шинэ хувилбар гарах магадлалыг нэмэгдүүлж байна" гэж АНУ-ын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ.

Хятадын эх газраас ирэх зорчигчдод тавих хяналтыг чангатгах арга хэмжээг Япон, Малайз, Тайвань, Энэтхэг улсууд хэдийнээ авч эхлээд байгаа бөгөөд лхагва гараг /2022.12.28/-т Итали улс эдгээр улстай нэгдэж, ирж буй зорчигчдыг коронавирус илрүүлэх шинжилгээнд заавал хамруулах төлөвлөгөөгөө зарлалаа. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Эх сурвалж: bloomberg