"Зууны шилдэг тамирчин" хөлбөмбөгийн "хаан" Пеле 82 насандаа хорт хавдрын улмаас таалал төгслөө

"Зууны шилдэг тамирчин" хөлбөмбөгийн "хаан" Пеле 82 насандаа хорт хавдрын улмаас таалал төгслөө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж, дэлхийн спортын анхны бэлгэ тэмдэг болсон Бразилийн хөлбөмбөгийн домог Пеле 82 насандаа таалал төгслөө.

Түүний охин Кели Насименто Инстаграм хуудсандаа Пелегийн гараас атгасан гэр бүлийн гишүүдийн зургийн дор "Бидэнд байгаа бүх зүйл таны ачаар. Бид танд хязгааргүй хайртай. Амар амгалан байгаарай” гэж бичжээ.

Пеле арваннэгдүгээр сарын сүүлээр амьсгалын замын халдвар болон бүдүүн гэдэсний хорт хавдартай холбоотой хүндрэлийн улмаас Сан Пауло хотын эмнэлэгт хэвтсэн юм. Өнгөрсөн долоо хоногт хорт хавдар нь даамжирч түүний биеийн байдал муудсан гэж тус эмнэлгээс мэдэгджээ. Улмаар пүрэв гараг /2022.12.29/-т бүдүүн гэдэсний хорт хавдрын явцын улмаас олон эрхтний дутагдлаас болж нас барсан гэж Альберт Эйнштейний эмнэлгийн мэдэгдэлд дурдав.

60 гаруй жилийн турш Пеле гэдэг нэр хөл бөмбөгтэй ижил утгатай байсан. Тэрээр дөрвөн ДАШТ-д оролцож, гурван удаа түрүүлсэн түүхэн дэх цорын ганц тоглогч байсан юм. Тэрээр Бразилын шигшээ багийн төлөө 92 тоглолтод 77 гоол оруулж бүх цаг үеийн мэргэн бууч нь болж, FIFA-ийн зууны шилдэг тоглогч, Time-ын 20-р зууны хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтсан түүнийг Олон Улсын олимпын хорооноос "Зууны шилдэг тамирчин"-аар нэрлэсэн билээ.

"Бетховен хөгжим бичих гэж, Микеланджело зураг зурах гэж төрсөн шиг би хөлбөмбөг тоглох гэж төрсөн" гэж Пеле хэлсэн байдаг.

Олон Улсын хөлбөмбөгийн томоохон холбоод домогт тамирчин Пелед хүндэтгэл үзүүлсээр байна. Пелегийн анхны клуб болох Сантос FC энэ мэдээг Twitter хуудсаараа дамжуулж, титмийн зургийн хажууд "мөнхийн" гэсэн үгийг нийтэлжээ.

Эх сурвалж: CNN.com