В.Путин Ши Жиньпинийг ОХУ-д ирэх хавар айлчлахыг урилаа

В.Путин Ши Жиньпинийг ОХУ-д ирэх хавар айлчлахыг урилаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Москвад 2023 оны хавар төрийн айлчлал хийнэ гэдэгт найдаж байгаагаа баасан гарагт түүнтэй цахимаар уулзах үеэрээ илэрхийлжээ.

Энэхүү айлчлал нь “Орос-Хятадын харилцааны ойр дотно, нягт байдлыг дэлхий дахинд илтгэн харуулна” гэж В.Путин хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. Ойролцоогоор найман минут үргэлжилсэн цахим уулзалтын үеэр Оросын төрийн тэргүүн хоёр орны харилцаа нь олон улсын тогтворжуулах чухал хүчин зүйлийн хувьд улам бэхжиж буйг онцлоод, цэргийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлсэн байна.

Үүний хариуд Ши Жиньпин, Хятад улс дэлхийн хэмжээнд “хүнд хэцүү” нөхцөл байдал үүсээд байгаатай холбогдуулан Оросын талтай стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна гэв. Барууны орнууд ОХУ-ын эсрэг урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээнүүдийг тогтоогоод байгаа бол Хятад улс Москвагийн цэргийн ажиллагааг зэмлэн буруушаахаас зайлсхийж, харин энх тайвныг тогтоох хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэж байгаа юм.

Мөргөлдөөн эхэлснээс хойш Оросоос Хятад руу эрчим хүчний экспорт нэмэгдэж, өдгөө Орос нь Хятадын хамгийн том газрын тосны нийлүүлэгч болжээ. Гэхдээ Бээжингийн засаг захиргаа барууны орнуудыг Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахад хүргэж болохуйц тусламж үзүүлэхээс зайлсхийж байгаа ажээ. 

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө