ГАДНЫН ХЭВЛЭЛ: Монгол Улсын нүүрсний хулгай, авлигыг бууруулах ШИЙДЭЛ нь хөрөнгийн биржээр дамжуулж нүүрс борлуулах байв

ГАДНЫН ХЭВЛЭЛ: Монгол Улсын нүүрсний хулгай, авлигыг бууруулах ШИЙДЭЛ нь хөрөнгийн биржээр дамжуулж нүүрс борлуулах байв

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Нэрсийг зарла, хариуцлага тооц” гэх нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өрнөж улмаар нүүрсийг хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах нь илүү үр дүнтэй арга хэмээн шийдэж хэрэгжүүлээд буй. Энэ талаар “Aljazeera” агентлаг онцлон нийтэлснийг орчуулан хүргэж байна.

Өнгөрсөн сард /2022.12/ Монгол Улсын нүүрсний худалдаа дахь авлигыг буруутгаж, эсэргүүцэгчдийн жагсаал болсон. Энэ дагуу тус улсын засгийн газар олон жилийн сүүдэртэй бизнесийн хэлцлийг зогсоох арга олсон талаараа мэдэгдсэн.

Тодруулбал, Тус улсын хамгийн том төрийн өмчит нүүрс олборлогч “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн онд Монголын нийт экспортын 84 хувийг худалдан авсан хөрш БНХАУ-ын худалдан авагчидтай шууд борлуулалтын гэрээ байгуулахаа ирэх сараас зогсоохоор болоод буй.

Нүүрсний гэрээг биржээр дамжуулан худалдах шийдвэр нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Улаанбаатарт болсон авлигын эсрэг томоохон жагсаал цуглаан болон нүүрсний салбарт залилан мэхлэлт өргөн тархсан хэргээс үүдэн гарсан юм.

Эрдэнэс-ТавантолгойХК-ийг нүүрсний орлогоос тэрбум тэрбумаар нь хувьдаа завшсан хэргээр тус компанийн Гүйцэтгэх захирал Баттулгын Ганхуяг болон түүний хэд хэдэн хамтран зүтгэгчид болон гэр бүлийн гишүүдийг баривчилж, одоогоор шүүх хурлаа хүлээж байна.

Эрх баригчид дуудлага худалдаа нь ил тод байдлыг сайжруулж, эцэст нь улсын цэвэр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Засгийн газар тендер шалгаруулалтыг энэ оны сүүлээр эхлүүлэхээр төлөвлөж байсан ч авлигын асуудлаар олон нийт эсэргүүцсэний улмаас энэ үйл явцыг түргэсгэсэн аж.

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Батнайрамдал “Аль-Жазира” агентлагт, “Хагас жил хүлээхийн оронд бид хоёрдугаар сараас эхлэн онлайнаар арилжаална. Монголын хөрөнгийн бирж үүнийг зохицуулах болно” гэсэн байна. Орос, Хятад хоёрын дунд оршдог Монгол Улс 3.3 сая хүн амтай, Аляскаас арай жижиг газар нутагтай, дэлхийн хамгийн сийрэг хүн амтай орны нэг юм. 2021 онд тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь Индонезийнхтой адил буюу ойролцоогоор 4500 ам.доллар. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад дурдсанаар тус улсын ДНБ-ий дөрөвний нэгийг уул уурхай бүрдүүлдэг. Экспортын орлогынх нь тал орчим хувийг нүүрс эзэлдэг. Говь цөл дэх Тавантолгойн нүүрсний ордоос урд зүгт 240 км (150 миль) зайд орших Гашуунсухайт хилийн боомтоор нүүрсээ экспортолдог.

Тавантолгойн нүүрсийг Хятадад өндөр үнэлдэг бөгөөд гангийн үйлдвэрлэлд ашигладаг.

Хятад бол дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 57 орчим хувийг эзэлдэг. Гэвч гангийн үйлдвэрүүдийнхээ хэрэгцээг хангах хэмжээний коксжих нүүрсийг дотооддоо үйлдвэрлэж чадахгүй. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, 2022 онд Хятад улс 170.71 сая тонн нүүрс импортолсон байна. Монгол Улс 31.2 сая тонныг нийлүүлсэн нь нийт бүтээгдэхүүний 18 орчим хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс Австралийн нүүрснээс хамааралгүй болсноор Монголын коксжих нүүрс онцгой үнэлэгдэх болсон.

Энэ сарын эхээр Монголын Хөрөнгийн бирж туршилтын арилжааг зохион байгуулсан бөгөөд 12800 тонн коксжих нүүрсийг Сингапурт төвтэй нүүрс тээвэрлэгчид дуудлага худалдаанд оруулсан байна. Эцсийн дуудлагын үнэ анхны үнийн саналаас 12.2 хувиар өсөж, нэг тонн нь 1150-аас 1290 хятад юань (170-190 ам.доллар) болж өссөн байна.

Эрдэнэс-ТавантолгойХК-ийг залилан мэхэлсэн хэргээр нүүрсний уурхайн хэсэг удирдлагууд болон тэдний хамсаатнууд баривчлагдсанаас хойш ердөө нэг сарын дараа нүүрс борлуулах шинэ систем хэрэгжиж эхлээд байна.

Хөрөнгийн биржээр дамжуулан нүүрс борлуулах нь хулгай, авлигаас сэргийлнэ гэж Монголын Засгийн газар үзэж байна. Хоёр жилийн өмнө Транспэрэнси интернэшнл байгууллагаас гаргасан авлигын индексээр Монгол Улс 180 орноос 110-д жагссан.

Батнайрамдал хэлэхдээ, “Өмнө нь төрийн өмчит компаниуд худалдан авагчтайгаа худалдан авах, худалдах гэрээ байгуулахдаа хаалттай хаалганы цаана хийдэг байсан. "Шинэ тогтолцооны дагуу аливаа худалдан авагч тусгай зөвшөөрөлтэй брокеруудаар дамжуулан данс нээлгэж, бараа бүтээгдэхүүний худалдан авалтад тэгш эрхтэйгээр оролцох боломжтой болно” гэж заасан. Мөн нүүрсний дуудлага худалдааг бусад ашигт малтмал руу өргөжүүлэхээр төлөвлөж байна. Зэс, төмрийн хүдэр, алт, жонш, молибден болон бусад ашигт малтмалыг арилжаалах боломжтой. "Гэрээний төрлүүд нь спот, фьючерс, опцион, форвард байх болно" гэжээ. Гол худалдан авагчид нь Хятад, Оросын импортлогчид, гадаад, дотоодын үүсмэл хөрөнгийн худалдаачид байх бөгөөд Турк, Польш зэрэг хөгжиж буй зах зээл дэх түүхий эдийн бирж, Лондоны металлын бирж зэрэг төлөвшсөн биржүүдийг Монгол Улс өөрийн биржээ хөгжүүлэхэд ашиглах загвар болгон харж байна гэдгийг онцлов.

Авлигын хэргийн мөрдөн байцаалтын явцад “Эрдэнэс-ТавантолгойХК-иас хулгай хийсэн гэх 17 хүнийг баривчилсан байна. Тэдэнд оролцсон хэргээр байцаагдаж байгаа хүмүүсийн дунд Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга ч байгаа юм.

Лондонд төвтэй Energy Aspects зах зээлийн шинжилгээний фирмийн LNG-ийн ахлах шинжээч Жейк Хорслен хэлэхдээ, түүхий эдийн бирж нь хөрвөх чадвар багатай эсвэл тунгалаг бус зах зээл дээр худалдан авагч, худалдагчдыг нэгтгэх үед ашигтай байж болно гэлээ.

Энэ талаар "Inside Mongolia" зах зээлийн мэдээллийн мэдээллийн товхимлын ерөнхий редактор Энхбаярын Золбаяр хэлэхдээ, "Эрдэнэс-Тавантолгой" ХК-тай холбоотой хямралын үеэр алдсан итгэлийг төрд эргүүлэн авахад түүхий эдийн зах зээл тусалж чадна. "Нүүрсний хулгайд өртсөн компаниуд ил тод байдал дутмаг байсан тул тэд нүүрсээ хэрхэн зарж, хэнд зарж байгааг хэн ч харж чадахгүй байсан.

Харин Вашингтонд төвтэй “BowerGroupAsia” стратегийн зөвлөх фирмийн бүсийн захирал Амар Адъяа хэлэхдээ, “Монголд түүхий эдийн бирж амжилттай байгуулагдахад өдөр бүр их хэмжээний бараа, бүтээгдэхүүн арилжих шаардлагатай. Мөн энэ солилцоо нь тэгш бус байдал, амьжиргааны өртөг, байгаль орчин, нийгмийн эрүүл мэндтэй холбоотой томоохон асуудлуудыг шийдвэрлэх жижиг алхам гэж ойлгож болно гэлээ. Гэхдээ 2024 оны сонгуулийн өмнө олон нийтийн дэмжлэгийг авахын тулд засгийн газар эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд цогц арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар төгсгөлд онцлов.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ үзнэ үү