АНУ-ын агаарын орон зайд орсон "ажиглагч бөмбөлөг"-ийг БНХАУ буцааж авахыг хүсэж буйгаа мэдэгджээ

АНУ-ын агаарын орон зайд орсон "ажиглагч бөмбөлөг"-ийг БНХАУ буцааж авахыг хүсэж буйгаа мэдэгджээ

АНУ-ын Монтана мужийн агаар мандалд өнгөрөгч Лхагва гараг /2023.02.01/-т гарч ирсэн Хятадын ажиглалтын бөмбөлөг Атлантын далайн эрэг орчим унасан юм. Тэгвэл уг асуудлын дагуу БНХАУ ажиглалтын бөмбөлгөө буцааж авахыг хүсэж буйгаа мэдэгджээ.

Тодруулбал, мягмар гарагт /2023.02.07/ болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ “ Хятадын тал онгоцны сэгийг нөхөн сэргээхийг хүсэж байна. Агаарын хөлөг нь Америкийн өмч биш энэ бол Хятадын өмч. Уг нисгэгчгүй агаарын бөмбөлөг нь иргэний зориулалттай. Бөмбөлөг АНУ-ын агаарын орон зайд санамсаргүй нэвтэрсэн нь гэнэтийн бөгөөд давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн. Энэ нь хэн нэгэнд болон АНУ-ын үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн аюул занал учруулаагүй. АНУ ийм тохиолд хүч хэрэглэхгүйгээр тайван, мэргэжлийн байдлаар зохих ёсоор хандах ёстой байсан ч тэд бөмбөлгийг сөнөөсөн нь хэтэрсэн хариу үйлдэл юм" хэмээжээ.

Бөмбөлөг нь гурван автобусны хэмжээтэй, тандалтын технологиор тоноглогдсон ачаа тээвэрлэж явсан гэж Америкийн эрх баригчид мэдэгдсэн. Үүний үр дүнд Вашингтон, Бээжингийн харилцааг бэхжүүлэх зорилготой АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкений Хятадад хийхээр төлөвлөж байсан айлчлал хойшлогджээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Пентагон хариуд нь "Нууц мэдээлэл цуглуулахаас хамгаалахын тулд яаралтай арга хэмжээ авсан" гэж мэдэгдсэн байна.