Туркт 190 мянган хүнийг байгалийн гамшигт өртсөн бүсээс нүүлгэн шилжүүлжээ

Туркт 190 мянган хүнийг байгалийн гамшигт өртсөн бүсээс нүүлгэн шилжүүлжээ

Турк, Сирид хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 23 мянга даваад байна. Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожагийн мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас 20 213 хүн амь эрсдэж, 80 052 хүн гэмтэж бэртжээ.

Харин Сирид баруун хойд нутгийн босогчдын хяналтад байдаг бүсэд 2166 хүн, Засгийн газрын хяналтад байдаг бүсэд 1347 хүн амиа алдсанаар амь эрсэдсэн хүний нийт тоо 3384-т хүрээд байна. Үүнээс гадна 5245 хүн гэмтэж бэртсэн байна. Даваа гарагт Туркийн Кахраманмарас мужид болсон 7.7, 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд тус улсын 10 мужийн 13 сая гаруй оршин суугч нэрвэгджээ. Мөн Сири, Ливан зэрэг бүс нутгийн хэд хэдэн улсад хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Туркийн дэд Ерөнхийлөгч Фуат Октай нийслэл Анкара хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэхдээ, сүүлийн 24 цагийн хугацаанд 67 хүнийг аварсныг онцлоод, байгалийн гамшигт өртсөн бүсүүдээс 190 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна гэв.

Онцгой байдлын газрын мэдэгдэлд дурдсанаар, эрэн хайх, аврах ажиллагаанд 159 146 алба хаагч оролцож байгаа бөгөөд байгалийн гамшигт өртсөн бүсэд гадаадын 7716 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Дэлхийн 97 улс орон тусламж үзүүлэх санал тавиад байгаа талаар Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.

Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд эмнэлгийн 141 779 ажилтан үүрэг гүйцэтгэж байна гэж эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мөн мэдээлээд байна. Одоогоор ерөнхийлөгчийн нисэх онгоцуудаар гэмтэж бэртсэн 126 хүнийг, түүний дотор 16 нярай хүүхдийг Анкарагийн эмнэлгүүдэд хүргэжээ.