ВИДЕО: "Хятадын ажиглалтын бөмбөлөг"-тэй төстэй өөр нэг объектыг Канадын нутагт АНУ-ын сөнөөгч онгоц устгасан гэж мэдэгдлээ

ВИДЕО: "Хятадын ажиглалтын бөмбөлөг"-тэй төстэй өөр нэг объектыг Канадын нутагт АНУ-ын сөнөөгч онгоц устгасан гэж мэдэгдлээ

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо өчигдөр /2023.02.11/ өөрийнх нь тушаалаар Канадын агаарын орон зайд АНУ-ын сөнөөгч онгоцнууд "үл таних объект"-ийг сөнөөсөн гэж мэдэгдлээ. Энэ талаар Трюдо “Би Канадын агаарын орон зайг зөрчсөн үл мэдэгдэх объектыг буулгах тушаал өгсөн. АНУ-ын F-22 онгоц тус объект руу амжилттай буудсан” гэж твиттер хуудастаа бичжээ.

Харин өчигдөр орой Жастин Трюдо болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар буудахыг зөвшөөрсөн болохыг Пентагон баталж, уг объектыг баасан гараг /2023.02.10/-ийн орой Аляскийн дээр байхад нь АНУ-ын тал анх илрүүлсэн гэж мэдэгдсэн байна.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Генерал П.Райдер тус объектын талаар мэдээлэл хийхдээ, “Хоёр F-22 сөнөөгч онгоц Аляскийн агаарын үндэсний харуулын тусламжтайгаар объектыг хянаж байсан. Үүний дараа Канадын агаарын орон зайд тус объект нэвтрэх үед хяналт шалгалт үргэлжилж, Канадын CF-18 болон CP-140 онгоцнууд объектыг цаашид үнэлэх зорилгоор бидэнтэй нэгдсэн. Эцэст нь АНУ-ын F-22 онгоц Канадын нутаг дэвсгэрт уг объектыг AIM 9X пуужингаар устгаж, газарт унагасан. Одоо АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Канадын талтай нягт хамтран тус объектыг шинжлэн судалж байна” гэжээ.

ВИДЕО: 

Сонирхуулахад, тус объект нь өнгөрсөн долоо хоногт АНУ-ын агаар мандалд орж ирсэн Хятадын ажиглагч бөмбөлөгтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа аж. Учир нь Канадын агаар мандалд орж ирээд устгагдсан тус объект нь урьд нь устгагдсан Хятадын ажиглалтын бөмбөлөгтэй төстэй биет байсан аж. Харин одоогоор БНХАУ-ын тал хариу мэдэгдэл хийгээгүй байна.