Газар хөдөлснөөс хойш 212 цагийн дараа 77 настай эмэгтэйг эсэн мэнд гарган авчээ 

Газар хөдөлснөөс хойш 212 цагийн дараа 77 настай эмэгтэйг эсэн мэнд гарган авчээ 

Энэ хоёрдугаар сарын 07-ны өдөр /2023.02.07/ Турк, Сирид болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хамгийн сүүлийн байдлаар 35 мянга гаруй иргэн амь насаа алдаж, 25 мянга орчим барилга бүрэн нурж сүйдээд байна.

Тус үйл явдалтай холбогдуулан дэлхийн улс орнуудаас гамшигт нэрвэгдээд буй улсуудад өөрийн чадварлаг эрэн хайх, аврах багийг явуулаад байгаа бөгөөд цаг тутамд нурангид дарагдсан иргэдийг эсэн мэнд гаргах тохиолдол багассаар байгаа билээ. 

Тэгвэл Туркийн Адыйаман мужид газар хөдөлснөөс хойш 212 цагийн дараа 77 настай эмэгтэйг нуранги доороос эсэн мэнд гаргаж авчээ. Тодруулбал, Фатма Гюнгёр гэх 77 настай уг эмэгтэйг мужийн засаг захиргааны төвд нурсан барилга дороос аварч, эмнэлэгт хүргэсэн байна. Түүнчлэн Хатай мужийн засаг захиргааны төв Антакья хотод 209 цагийг нуранги дор өнгөрүүлсэн нэгэн хосыг аварсан байна.