“Украины нутгаас цэргээ гаргахыг ОХУ-аас шаардсан НҮБ-ын тогтоол”-д Монгол Улс түдгэлзсэн санал өгчээ

“Украины нутгаас цэргээ гаргахыг ОХУ-аас шаардсан НҮБ-ын тогтоол”-д Монгол Улс түдгэлзсэн санал өгчээ

Энэ долоо хоногийн Мягмар гараг /2023.02.21/-т Украины ерөнхийлөгч В.Зеленскийн хүсэлтээр түүнтэй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утсаар ярьсан. Учир нь Орос, Украины хурцадмал асуудалд “дундын байр суурь” баримталж буй улс орны тэргүүнтэй утсаар ярих саналыг В.Зеленский тавьж буй гэх мэдээлэл бий. 

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Оросын түрэмгийлэлд Украины иргэд өртөж амиа алдсанд харамсаж буйгаа илэрхийлсэн” талаар В.Зеленский өөрийн твиттер хуудастаа мэдэгдсэн. 

Тэгвэл манай цагаар өнгөрөгч шөнө /2023.02.23-24/ болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар “Украины нутаг дэвсгэрээс ямар нэг нөхцөлгүйгээр цэргээ гаргахыг ОХУ-аас шаардсан тогтоол”-д гишүүн 193 улс орны дунд санал хураалт явуулахад Монгол, Хятад, Энэтхэг тэргүүтэй 32 орон санал хураалтад оролцохоос түдгэлзсэн бол, 141 нь дэмжиж, долоон улс татгалзсан байна. 

Харин НҮБ-ын тогтоолын талаар Украины ерөнхийлөгч В.Зеленский “энэхүү тогтоол нь дэлхийн хэмжээнд Украинд дэмжлэг үзүүлж буй хүчтэй дохио юм. ОХУ-ын бүрэн хэмжээний түрэмгийллийн ойн хүрээнд Украины ард түмэнтэй дэлхийн олон нийт эв санааны нэгдэлтэй байгаагийн хүчтэй нотолгоо” гэжээ.