Турк, Сирид болсон газар хөдлөлтөөс хойш иргэдэд сэтгэл зүйн тусламж хэрэгцээтэй байгаа талаар мэдээлжээ

Турк, Сирид болсон газар хөдлөлтөөс хойш иргэдэд сэтгэл зүйн тусламж хэрэгцээтэй байгаа талаар мэдээлжээ

Сирийн хилийн ойролцоо Туркийн өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсноос хойш гурван долоо хоног өнгөрсөн бөгөөд амь үрэгсдийн тоо 50 мянгыг давжээ. Харин эсэн мэнд үлдсэн олон тооны орон гэргүй болсон хүмүүст сэтгэл зүйн тусламж хэрэгцээтэй байгаа талаар мэдээлжээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 6-нд 7,8 магнитудын газар хөдлөлтөөс хойш тус улсуудад хэд хэдэн удаа хүчтэй газар хөдөлж, Туркт амь үрэгдсэн хүмүүсийн тоо 44,374-т хүрч, Сирид 5914 хүн эрсэджээ. Туркийн засгийн газрын мэдээлж байгаагаар 1,91 сая хүн өнөөдрийн байдлаар гэр, майхан болон бусад түр сууцанд толгой хоргодож байгаа аж. Мөн байгалийн гамшгаас амьд гарсан болон бусад 910 мянга гаруй хүнд сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа үзүүлжээ. НҮБ-ын Хүүхдийн сан-ЮНИСЕФ байгалийн гамшигт нэрвэгдсэн хүүхдүүд сэтгэл санааны хямрал болон гэмтлийн дараах сэтгэл зүйн эмгэгтэй болох магадлалтай тул тэдэнд сэтгэл зүйн тусламж үзүүлэх шаардлага хурцаар тавигдаж байгааг онцолж байна.

Энэ ч үүднээс Туркийн ардын аман зохиолоос сэдэвлэсэн хүүхэлдэйн театрын тоглолт ням гарагт өмнө зүгийн Газиантеп хотод болжээ.

13 настай үзэгч хүү, газар хөдлөлтийн дараа бүх хүн айн цочирдсон байдалтай, тэр өөрөө ч бас ахин дахин доргилт чичирхийлэл болох бүрд асар их айдастай байснаа ярьж байжээ. Үүний зэрэгцээ Туркийн хууль зүйн албаныхан хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан барилгуудтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаагаа өргөжүүлж байна. Одоогоор 180 гаруй хүнийг баривчилсан байна. Хохирогчдын ар гэрийнхэн гомдолтой байгаагаа илэрхийлж, орон гэргүй болсон хүмүүс шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.

Эх сурвалж: NHK