ШУУРХАЙ: БНСУ-д архи уусан монгол залуу эмэгтэй хүнийг дагасан хэргээр баривчлагджээ

ШУУРХАЙ: БНСУ-д архи уусан монгол залуу эмэгтэй хүнийг дагасан хэргээр баривчлагджээ

Сөүлийн Гванжин дүүргийн цагдаагийн газраас энэ гуравдугаар сарын 07 /2023.03.07/-ны өдөр 20 гаруй насны Монгол залууг хууль зөрчсөн хэргээр шалгаж байгаа талаар мэдээлжээ.

Тодруулбал, энэ сарын 03-ны шөнө /2023.03.03/ орон нутгийн цагаар 22:30 цагийн орчимд Сөүлийн Гванжин-гу дүүргийн нэгэн хорооллын гудамжинд гэртээ харьж байсан 20 гаруй насны Солонгос эмэгтэйг дагасан хууль бус оршин суугч монгол иргэнийг баривчилсан гэсэн байна.

Цагдаагийн мөрдөн байцаалтын явцад ноён А хэргээ хүлээн зөвшөөрч, “Би тухайн үед согтуу байсан, сайн санахгүй байна” гэж мэдүүлжээ.

Мөн шалгалтын явцад А нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд солонгос улсад хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогджээ. Цагдаагийн албаны хүний мэдээллээр хэргийн нөхцөл байдлыг судалж үзээд буцаах эсэхээ шийднэ гэсэн бөгөөд хууль бусаар ажиллаж байгаа гадаадын иргэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол цагдаагийн байгууллага эхлээд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, улмаар Хууль зүйн яаманд холбогдох дүгнэлтээ танилцуулдаг аж. Улмаар хэргийг хариуцан авсан Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын алба хууль бус гадаадын иргэн Цагаачлалын хяналтын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалт явуулж, шийдвэр гаргаж, мөрдөн байцаалтын үр дүнгээс хамааран Солонгост хорих, торгох, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд албадан гаргах зэрэг эрүүгийн шийтгэл хүлээж болно гэжээ.

Эх сурвалж: SBS