Олон Улсын эрүүгийн шүүхээс В.Путиныг “Украины хүүхдүүдийг албадан гаргах зэрэг дайны гэмт хэрэг үйлдсэн” хэмээн баривчлах тушаал гаргажээ

Олон Улсын эрүүгийн шүүхээс В.Путиныг “Украины хүүхдүүдийг албадан гаргах зэрэг дайны гэмт хэрэг үйлдсэн” хэмээн баривчлах тушаал гаргажээ

Олон Улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Украины хүүхдүүдийг албадан гаргах зэрэг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутган баривчлах тушаал гаргасан талаар BBC агентлаг мэдээллээ. 

Олон улсын эрүүгийн шүүхийн мэдэгдэлд, “эдгээр гэмт хэргүүд 2022 оны хоёрдугаар сарын 24-ны өдөр буюу ОХУ бүрэн хэмжээний түрэмгийллээ Украинд эхлүүлсэн үеэс үйлдэгдсэн. В.Путиныг бусадтай хамтран ажиллахын зэрэгцээ шууд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн Украины хүүхдүүдийг албадан гаргахыг зогсоохын тулд тэрээр ерөнхийлөгчийн бүрэн эрхээ ашиглаагүй” гэж буруутгажээ. Мөн ОХУ-ын хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар Мария Львова-Беловаг мөн адил тус гэмт хэрэгт холбогдуулан олон улсын эрүүгийн шүүхээс эрэн сурвалжилж эхэлсэн талаараа мэдэгдсэн байна. Учир нь өнгөрсөн хугацаанд тэрээр Орост авч очсон Украины хүүхдүүдийг хэрхэн сургаж, хүмүүжүүлэх талаар илэн далангүй ярьж байжээ.

Олон Улсын шүүхээс В.Путиныг баривчлах тогтоолыг нууцлахыг зорьж байсан ч цаашид гэмт хэрэг үйлдэгдэхийг зогсоохын тулд олон нийтэд ийнхүү ил болгохоор шийдсэн гэжээ.

Мария Львова-Белова

Шүүхийн тус мэдэгдлийн дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, “олон улсын шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр бус" хэмээн мэдэгдсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч асан Д.Медведев шүүхийн тус шийдвэрийг “ариун цэврийн цаас”-тай зүйрлэсэн байна. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Оросын төрийн бузар булай"-ын эсрэг яллах шийдвэр гаргасанд талархаж байгаагаа илэрхийлжээ. 

Гэсэн хэдий ч Орос улс нь олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн гишүүн биш учраас В.Путин болон Мария Львова-Белова нар Гаагийн шүүх танхимд орж ирэх магадлал тун бага аж. Учир нь “олон улсын эрүүгийн хэргийн шүүх хүмүүсийг баривчлахдаа тухайн улсын засгийн газруудын хамтын ажиллагаанд тулгуурладаг бөгөөд Орос улс энэ тал дээр хамтран ажиллахгүй нь ойлгомжтой” гэж судлаачид дүгнэсэн байна. 

Эх сурвалж: BBC