ВИДЕО: Франц улсад "морь сургагч"-аар ажиллаж буй Д.Мөнх-Оргилтой ярилцлаа

ВИДЕО: Франц улсад "морь сургагч"-аар ажиллаж буй Д.Мөнх-Оргилтой ярилцлаа

Бид энэ удаагийн "Social ID" буландаа өөрийн дуртай зүйлээ ажил болгож чадсан адуунд хайртай морь сургагч залуу Д. Мөнх-Оргилыг онцолж байна.

Түүний хувьд Франц улсад сүшиний тогооч мэргэжлээр боловсорч, сүши ресторанд ажилладаг. Гэсэн ч багаасаа хурдан морь унаж адуутай ойр өссөн учир өөрийн сурсан зүйлээ бусдад заах үүднээс ажлын амралт болон чөлөөт цагаа морь сургах ажилд зориулж өдгөө таван дахь жил морь сургаж буй аж. Түүний хувьд европчуудын зургаан сарын турш сургаж, номхруулдаг адууг сарын дотор 6, 7 -гоор нь сургадаг учир Парисын нэгэн тосгоныхон түүнийг хүндэтгэж, халуун дулаанаар хүлээн авдаг болжээ. 

ВИДЕО: 

-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Даваасайнар овогтой Мөнх-Оргил гэдэг. Би одоо 27 настай Францын Парис хотод амьдардаг залуу байна.

-Германд очсон үеэс яриагаа эхэлье?

-Би 2015 онд Франц Улсыг зорьсон. Манай ээж Францын Парис хотод амьдардаг байсан юм. Тэгээд дүүгээ ээждээ аваачиж өгөх журмаар Франц Улсад ирсэн. Анх энэ ажлыг 2018 онд хийж эхэлсэн.

-Маш олон ажлыг сонголт байсан байх. Яагаад заавал морь сургагчийн ажлыг сонгосон бэ?

-Би анх ирээд зорилго маань тойруулгын уралдааны морь унах байсан. Тийм зорилгоор сурахыг хичээж ажил хайж үзсэн. Гэтэл миний өндөр жин таарахгүй байсан учраас өөр мэргэжил буюу гал тогооны мэргэжил сонгосон. Одоо хүртэл сүши хийгээд явж байна. Сүшиний ресторанд ажилладаг. Сүши хийдэг. Харин чөлөөт цагаараа буюу амралтаараа морь сургадаг юм.

-Морь сургагчаар ажиллах санал ирж байсан уу. Өөрөө хайж олж байв уу?

-Манай найз санал тавьж байсан. Миний ажилладаг айлын эхнэр нь Монгол эмэгтэй байдаг. Одоо морь сургадаг газраа очиход тосгоныхон буюу нэг тосгон байдаг. Монголоор бол сумын төв шиг газар байдаг. Тэр тосгоны хүмүүс намайг очихоор бүгд оройн нь ирж пиво ууж баярладаг. Намайг Оогий гэж дууддаг. Маш халуун дотно байдаг.

-Ажлын хувьд. Ямар морьдыг хэрхэн сургадаг вэ?

-Миний сургадаг зүйл гэвэл морьдыг маш сайн номхон болгож өгдөг гэсэн үг. Гурван настайгаас нь эхэлж морьдоо сургаж эхэлдэг. Миний очдог айлд нийт 60,70-аад морь бий. Тэрэгний морьд, жижигхэн пони болон зүгээр хүмүүсийн унадаг морьд гэхчлэн олон морь байдаг. Тэгээд ерөнхийдөө морьдоо хурдан сургахын тулд Монголчилж сургадаг. Жишээ нь чихдэх ч юм уу, цоровдох ч юм уу. Тийм маягаар сургадаг. Европчууд болохоор өөрсдөө нэг морь сургахад зургаан сар зарцуулдаг. Зөөлөн зөөлнөөр хүрч, зөөлөн зөөлнөөр дасгаж, зөөлнөөр эмээл тохож маш их цаг хугацаа шаарддаг. Харин надад тэгэх цаг хугацаа байхгүй учраас ерөнхийдөө очоод нэг сар юм уу хоёр сарын дотор тодорхой хэмжээний тав зургаан морь хурдан сургаад буцдаг.

-Монголд морь сургах, Германд морь сургахын ялгаа нь юу байв. Морь болон бэлчээр, талбайн хувьд нэлээд өөр шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Гадаад морьд мэдээж том 160 см өндөртэй морьд, метр 170, 175 см гээд маш том морьд байдаг учраас унах, бэртэл авах магадлал өндөр байдаг. Бас манай Монгол тал газартай байдаг болохоор морь сургахад маш амар байдаг. Харин европт болохоор жижигхэн хашаатай. Зай талбай багатай замаар явахгүй л бол болохгүй. Замаас гарах юм бол мод чулуу ихтэй байдаг учраас тэр тал дээр жоохон асуудалтай.

-Харин хоёр улсын морьдын онцлогоос сонирхуулбал?

-Цовоо сэргэлэн гэх юм уу. Монгол морьд. Эндхийн морьд болохоор нэг тийм нурмагар ерөнхийдөө хурдан номхон болох жишээтэй байдаг. Ер нь төрсөн цагаасаа хойш жүчээнд байнгын тэжээлд байгаа адуу болохоор талхи, боорцог харах юм бол хүн шиг болчихсон. Шууд хулмайгаад хүрч ирээд иддэг болсон байдаг.

-Бага насаа хаана, яаж өнгөрүүлсэн бэ?

-Би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрж өссөн. Ухаан орсон цагаасаа хөдөө хурдан морь унаж өссөн. Манай аавын ах аймгийн Алдарт уяач Буриадын Бямбаа гэж хүн байдаг. Тэр айлд л хүмүүжиж, тэр айлын ёс журмаар өсөж өдий хүрсэн дээ. Тэгээд 10 жилээ төгсөөд барилгын мэргэжил эзэмшиж байгаад Францад ирээд найман жил амьдарч байна. Жил болгон Монгол руугаа буцдаг.

-Таны хамгийн хайртай морь?

-Сайхан асуулт байна. Шууд л орж ирж байна. Би бага байхдаа хоёр хонгор морь унадаг байсан. Тэр хоёр хонгор морийг унаж аймаг, суманд олон айрагдаж, түрүүлсэн. Миний хамгийн хайртай морь гэвэл тэр хоёр хонгор морь байдаг. Надтай хамт удаан байсан гэх юм уу даа.

-Монголдоо ирдэг үү?

-Тиймээ. Зун болгон очиж наадам үздэг. Монгол руугаа жил болгон очихгүй бол хамаг юм бөглөрөөд байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм. Монгол доо очоод агаар салхи, морь унаад давхиж байхад гоё шүү дээ. Ер нь аз жаргалыг л мэдэрдэг гэх үү дээ. Уулын орой дээр дуран бариад сууж байхад ч юм уу. Маш сайхан мэдрэмж авдаг даа. Би одоо үгээр сайн илэрхийлж мэдэхгүй байна. Хөдөө байгаа адуу малд дуртай монгол эрчүүд бүгд л энэ мэдрэмжийг мэддэг байх гэж бодож байна.

Мөн "Морь гэдэг зүйл угаасаа л монгол эр хүнтэй өвөг дээдсээсээ холбоотой байсан гэж боддог. Морь унаад л морины хөлсөнд хүрсэн байхад тэр жилийнх нь ажил бүтдэг юм шиг санагддаг. Жишээ нь хүн хойморгүй боллоо гээд нэг лам дээр очоод ном уншуулдаг. Ханийн тэнгэр дуудлаа гээд лам дээр очиж ном уншуулдаг. Тэрний оронд надад морио унаад уул хангайдаа гараад болохгүй, бүтэхгүй зүйлүүдээ сайн сайхан зүйлсээ бодоод залбирвал бүх юм бүтэх юм болов уу гэж л боддог доо" хэмээн онцлов.

-Монголдоо ирж ажиллаж амьдрах бодол байгаа юу?

-Мэдээж байлгүй яах вэ. Би ирээдүйд Монголдоо л гоё юм хийхийг хичээж зорьж байгаа болохоор Германд тодорхой хэмжээний өөрийнхөө Монголд сурсан чаддаг зүйлээ энэ улсад зав зайгаараа чөлөөт цагаараа дуртай зүйлээ хийж яваа залуу. Харин Монголд очоод "Монгол нохойн чарга" гэж байдаг шүү дээ. Ерөнхийдөө нэг тиймэрхүү зүйл хийхийг маш их хүсдэг. Тэрний төлөө л одоо зүгээр ажил хийж хөдөлмөрлөж, зүтгэж явна даа. Одоо дахиад хэдэн жил гүрийгээд хэдэн жил өөрийгөө хөгжүүлээд ажилласны дараагаар Монгол руугаа бүр мөсөн очиж хүссэн зүйлээ хийнэ гэсэн бодол төлөвлөгөө маш их байна даа.

-Залуучууддаа хандаж уриалга, зөвлөгөө хэлээд ярилцлагаа өндөрлөе.

-Монголдоо л сайхан амьдраарай гэж залуучуудаа уриалмаар байна. Сайхан хөгж, сайхан амьдар. Одоо нэг бичлэг харах ч юм уу. Гадаадад хүмүүс алаад байна гэж боддог. Яах вэ тодорхой хэмжээнд гадаадад хөгжил байгаа ч гэсэн хэцүү байдаг. Хүний нутаг бол надад хэцүү санагддаг. Нэг их хүсээд байх зүйл биш гэж боддог доо. Монголд бол миний бодлоор амьдрал байгаа гэж боддог. Хоёр ширхэг үхэртэй бол хоёр үхрээ үржүүлээд олон болгоод амьдар. Хоёр адуутай бол хоёр адуугаа өсгөөд амьдар. Хичээгээрэй л гэж хэлмээр байна даа. Залуучууддаа.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд мөн баярлалаа.

ФОТО: