ЧЕХИЙН ХЭВЛЭЛ: Пардубицед сураггүй болсон монгол иргэнээс гадна 17 настай эрэгтэйг цуг эрэн хайж байна гэж мэдээлэв

ЧЕХИЙН ХЭВЛЭЛ: Пардубицед сураггүй болсон монгол иргэнээс гадна 17 настай эрэгтэйг цуг эрэн хайж байна гэж мэдээлэв

Чехийн Пардубици хотод Фоксконн үйлдвэрийн ажилтан Монгол Улсын иргэн 54 настай Д овогтой Г нь энэ оны хоёрдугаар сарын 04 /2023.02.04/-ний өдрөөс хойш ор сураггүй алга болоод байгаа бөгөөд түүнийг Чехийн цагдаагийн газар болон ар гэрийнхэн нь Пардубицэ болон ойр орчмоор хайж байгаа боловч өдий хүртэл олдоогүй талаар бид анхлан мэдээлсэн байдаг.

Тэгвэл тус монгол иргэний эрэн хайлтын үйл явцын талаар Чехийн хэвлэлүүд мэдээлсээр буй. Тодруулбал, хайлтын явцад цагдаагийн алба хаагчид үнэрч нохой, болон голын эрэг дагуу завьтай ажиллагааг явуулж байгаа бөгөөд мөн тус хотод хоёрдугаар сарын 27-ны өдөр /2023.02.27/ Чехийн иргэн Шимон гэх 17 настай хүү ор сураггүй алга болж тэднийг хамт завьтай эрэн хайж байгаа талаар мэдээллээ.

17 настай хүү нь 27-ны өдөр буюу даваа гарагийн шөнө төрсөн өдрөөрөө Пардубицэ хотын Пражска гудамжинд байдаг бааранд байсан бөгөөд хүмүүстэй бага зэрэг маргалдсаны дараа гарч явж түүнээс хойш ор сураггүй алга болсон аж.

Түүний хүрмийг Плинак хэмээх гүүрний ойролцоо олсон бөгөөд одоогоор 54 настай Монгол Улсын иргэн болон 17 настай Шимоныг хамт цагдаагийн шумбагчид голын эрэг дээр эрж хайж байгаа бол Шимоны эрлийн ажиллагааг илүү өргөн хамруулахын тулд хэдэн зуун сайн дурынхан болон Robinson R44 хөнгөн нисдэг тэргээр ойгоор хайж байна гэв.

Ташрамд дурдахад, өнгөрсөн нэгдүгээр сарын 25 /2023.01.25/-ны өдөр Чех улсын Ческа Липа хотод амьдарч байсан монгол эмэгтэй гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болж, улмаар хоёр хоногийн дараа түүнийг нас барсан байхад нь олсон харамсалтай хэрэг гарсан. Алга болсон иргэдийн ар гэрийнхний зүгээс бүгд гарахдаа гэрийнхэнтэйгээ муудалцаад гарсан байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: Novinky

ФОТО: