АЙЛЧЛАЛ: Орос улс Хятадын "ханган нийлүүлэгч" болж хариуд нь Монголоор дамжих "Сибирийн хүч-2" хоолойноос ОХУ-ын байгалийн хийг БНХАУ авахаар болж байна

АЙЛЧЛАЛ: Орос улс Хятадын "ханган нийлүүлэгч" болж хариуд нь Монголоор дамжих "Сибирийн хүч-2" хоолойноос ОХУ-ын байгалийн хийг БНХАУ авахаар болж байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпины ОХУ-д хийж буй хоёр дахь өдрийн айлчлал “гурван цаг үргэлжилсэн” хэлэлцээгээр үргэлжилсэн байна. Үүний дараа  Ши Жиньпин, В.Путин нар "Орос, Хятадын иж бүрэн түншлэлийн стратегийн харилцааг гүнзгийрүүлэх тухай", "Оросын харилцааны гол салбаруудыг хөгжүүлэх төлөвлөгөөний тухай" 14 баримт бичиг, хоёр хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна. 

-ОРОС УЛС ХЯТАДЫН "ТҮҮХИЙ ЭДИЙН" ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ БОЛЖ БАЙГАА БӨГӨӨД ХАРИУД НЬ ОХУ-ААС БАЙГАЛИЙН ХИЙ АВАХ ЁСТОЙ -

Улмаар тус айлчлалын хоёр дахь өдрийн үр дүнгийн дараа хоёр орны удирдагчид хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд, энэ үеэр В.Путин “Хамтын ажиллагааны хүрээнд Орос улс Хятадад байгалийн хий, нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр талууд "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн талаар ярилцжээ. Сонирхуулахад, "Сибирийн хүч-2" хий хоолой нь Монголын газар нутгаар дамжина гэж буй.

Мөн ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа, тэр дундаа санхүү, тээврийн салбарын хамтын ажиллагаа олон удаа өргөжин хөгжиж байгаа талаар В.Путин дурдаад үүнээс гадна ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх мах, үр тарианы экспортыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломж байгааг зарласан байна. 

Харин Украин дахь дайныг зогсоох талаар ямар ч тохиролцоонд хүрээгүй, эсвэл тэд энэ талаар олон нийтэд ярихгүй байхаар шийдсэн байж магадгүй байгаа аж. 

Учир нь тэд хэлэлцээний дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр В.Путин Хятадын энх тайвны төлөвлөгөөг дурьдаж, "Баруун болон Киев үүнд бэлэн байгаа үед" үүнийг зохицуулах үндэс суурь болгон авч болно гэжээ. Харин олон улсын шинжээчид үүнийг Хятадын энх тайваны төлөвлөгөөг "ашиглахаар төлөвлөөгүй" гэж үзэж байна. Харин Ши Жиньпин энэ талаар “Бээжин НҮБ-ын дүрмийн зарчмыг баримталж, "Украйны хямрал"-ын талаар шударга байр суурь баримталж, энх тайван, яриа хэлэлцээг дэмжинэ” гэж өөрөө дахин хэлсэн байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхий сайдтай уулзав. 2023.03.21

Харин албан ёсны дээрх хэлэлцээний өмнө БНХАУ-ын дарга ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинтэй уулзсан байна. Оросын Ерөнхий сайдын хэлснээр, “хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн онд нэмэгдэж, бараг 190 тэрбум ам.долларт хүрсэн байна. Кремль 2023 онд Орос, Хятадын худалдааг 200 тэрбум долларт хүргэнэ гэж тооцоолж байна. Москва Хятадтай өндөр технологийн салбарт, тэр дундаа сансрын судалгаа, нисэх онгоц бүтээх, механик инженерчлэл зэрэг салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа” гэдгээ онцолсон байна. 

Энэ бүхнийг зарим шинжээчид, “Орос улс Хятадын түүхий эдийн ханган нийлүүлэгч болон хувирч байна. Тодруулбал Оросууд Хятадад бүх юмны гол нийлүүлэгч болох бол, Хятадууд тэдний Сибирийн хүч хоолойноос хий авах ёстой” болж байна гэж дүгнэжээ. 

-"СИБИРИЙН ХҮЧ-2" ХИЙ ХООЛОЙГ МОНГОЛЫН НУТГААР ДАЙРУУЛАХЫН ТУЛД ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД НАР УУЛЗАЛТ, МЭДЭГДЭЛ ХИЙЖ БАЙВ-

Орос, Хятадыг холбосон “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах, барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан хариуцаж байгаа. Тэрээр Украины дайн эхлэхийн өмнөхөн /2022.01.25/ ОХУ-ын “Газпром” компанитай хийн хоолойн ТЭЗҮ-г эцэслэсэн тухай “тэмдэглэл”-д гарын үсэг зурсан юм.  

Сонирхуулахад, “Сибирийн хүч-2” хэмээх төсөл нь 50 тэрбум шоо метр хүртэлх хийг Оросын Арктик дахь Ямалийн хойгоос Монголын нутгаар дайруулан барьсан 6000 километр хоолойгоор Хятадын өмнөд нутагт нийлүүлэх төсөл юм. Харин тус хийн хоолойг газар нутгаараа дамжуулсны төлбөрт Монгол Улс ОХУ-ын “Газпром” компаниас олон тэрбум ам.долларын төлбөр авах ёстой.  Иймд өнгөрсөн зун /2022 он/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д болсон чуулганд оролцож В.Путинтай хийн хоолойн асуудлыг ярихад тэрээр “Оросын эрчим хүчний түүхий эдийг нийлүүлэх маршрутуудын нэг нь Монголын нутаг” гэж мэдэгдсэн байдаг. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хурлын үеэр Монгол, Хятад, Оросын гурван талт уулзалтад оролцож Хятадын дарга Ши Жиньпинд хандаж “ОХУ, Монгол улс уг төслийн талаар идэвхтэй харилцаж байгаа” талаараа ярьсан байдаг.

ВИДЕО: Хятадын дарга Ши Жиньпинд хандаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Сибирийн хүч-2" хийн хоолойн талаар хэлсэн үг.  

Харин нөгөө талд Орос, Украины асуудал хурцадмал байгаа энэ үед ОХУ-ын хий хоолой /Сибирийн хүч-2/ Монгол Улсын газар нутгаар дамжсан тохиолдолд аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх бол гэдэг нь зарим иргэдэд эргэлзээ төрүүлээд буй. Магадгүй ОХУ хий хоолойгоо хамгаалах нэрийдлээр манай улс руу цэргээ оруулах юм биш гэх хардлага, болгоомжлол ч байгаа юм. 

Эх сурвалж: BBC