ВИДЕО: Туркт ажилласан "Марта" нохойн нүд гэмтэж, "Балу" сэтгэл зүйн хямралд орсон тул тестэлж, албанд ажиллах эсэхийг нь шийдэхээр болжээ

ВИДЕО: Туркт ажилласан "Марта" нохойн нүд гэмтэж, "Балу" сэтгэл зүйн хямралд орсон тул тестэлж, албанд ажиллах эсэхийг нь шийдэхээр болжээ

Турк /БНТУ/-ын өмнөд хэсэгт өнгөрсөн хоёрдугаар сарын 6 /2023.02.06/-нд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган барилга нурж, Турк, Сирид нийт 46 мянган хүн амиа алдсан харамсалтай явдал болсон. Энэ үеэр тус улсын хүсэлтийн дагуу Монгол Улсаас 33 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээсэн юм.

Уг багын гол үүрэг гүйцэтгэгчээр "Марта" болон "Балу" гэх дуудлагатай Үндэсний аврах бригадын эрэлч нохойн албаны ноход явж, үүргээ ажилттай гүйцэтгэж эх орондоо ирсэн билээ. Иймд бид энэ удаа медальгүй баатруудтай ярилцахаар "Шувуун фабрик"-д байрлах эрэлч нохойн албаны байрыг зорилоо.

ВИДЕО: 

Тэдний хувьд Монголд ирээд албаны эмч нараар үзүүлж ядаргаа тайлах эмчилгээнд хамрагдаад байгаа аж. Гэсэн ч биднийг очиход Мартагийн нүд тоосонцорын улмаас үрэвсэж, эдгэрч буй байдалтай. Мөн Балугийн сэтгэлзүй гамшиг ослын нөхцөл байдлыг харснаас үүдэж гутралд орсон байж болзошгүй учир нурмагар байдалтай угтлаа. Гэхдээ л тэдэнтэй харцаараа ойлголцох сургагч багш, үнэнч зүтгэж буй эзэд нь үүрнээс нь гаргах үед хэсэг баярласан байдалтай эрхэлж, чих нь түрхэн зуур соотойж харагдав.

Бидний очсон тус эрэлч нохойн албыг Ахмад Ш.Отгонжаргал даргалдаг. Түүний хувьд насаараа эх орныхоо аюулгүй байдлын төлөө зүтгэж, тэтгэвэртэй гарсан ч туршлагадаа тулгуурлан дээрээс ирсэн тушаал болон хүсэлтийн дагуу энэхүү албыг 2017 онд байгуулж, өдгөө тун амжилттай ажиллаж байгаа аж. Тэрбээр нохдынхоо ааш зан биеийн байдлыг андахгүйн хажуугаар сургагчдынхаа зан байдал, нөхцөлийг ч сайн ойлгодог нь бидэнд ажиглагдаж байв.

Ноход тэтгэвэртэй гараад насаараа ажилласан учир цэрэг хүн шиг зүгээр хэвтэж чадахгүй биз хэмээн лавлахад “Тэгэлгүй яах вэ. Намайг хил дээр ажиллаж байхад хилчин ноход тэтгэвэртэй гараад манаанд гарах гээд явахаар гүйцэхгүй байж биеэ арай гэж зөөн явж байгаа нь өрөвдөлтэй харагддаг байсан” гэсэн юм. Мөн энэхүү албаа томруулж, ноход болон нохой хөтлөгчдийнхөө төлөө сайн сайхан шинэчлэлүүдийг хийхээр чамгүй төлөвлөгөө гаргана ажиллаж буй аж. Ийнхүү албаны дарга бидийг сургагч багш нартайгаа уулзууллаа.

Тэдний нэг хэдэнтэй ярилцлага өгч нохойны хамт танигдаад буй эрэлч нохой Балугийн сургагч багш Ахлагч Б.Баярдаваа байв. Тэд өдгөө гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд аль аль нь 180 хоног бэлтгэгдэж хамтрагчид болсон байна. Б.Баярдаваа 2017 оноос эхлэн Онцгой байдлын албанд зүтгэжээ. Тэрбээр анх гал унтраах албанд ажиллаж байсан ч Эрэлч нохойн албанд татагдаж уг албанд орсон аж.

Харин эрэлч нохой Мартагийн сургагч багш, үнэнч нөхөр бол Д.Мөнх-Эрдэнэ. Энэ хоёр дөрөв дахь жилдээ хамтран ажиллаж буй. Аль аль нь энэ албаны шилдгүүд гэдэг нь илт.

Д.Мөнх-Эрдэнийн хувьд  2017 онд Үндэсний аврах бригадын эрэн хайх аврах салбарт Усчин аврагчаар ажилд орсон. Улмаар 2018 онд Эрэлч нохойн сургалтын албанд 180 хоног нохой хөтлөгчийн сургалтад хамрагдаж төгсөөд сургагч багшаар ажиллаж байна. Тэрбээр БНТУ-д болсон ажиллагаанд зайлшгүй шалтгааны улмаас явж чадаагүй учир Мартад санаа зовж гурав, дөрвөн шөнө нойргүй хонож мэдээ орохыг нь хүлээдэг байсан бөгөөд энэ бүхнийг даван туулсны дараа Марта амжилттай ажиллаж эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Амьтан эзнээ дуурайдаг гэдэг энэ хоёр сургагч болон нохдоос нь харах шиг.

Мөн Балу эр нохой бол Марта эм. Албаны хувьд эм нохой арай сэргэлэн бөгөөд багаар ажиллаж суралцсан тул эзнээ альфа гэж бодож сургагч эзэндээ маш үнэнч байдаг аж. Харин Балу даруу төлөв зантай хийсэн ажилдаа нухацтай бөгөөд бөмбөгөнд дуртай бол Марта зугаалах дуртай хүнтэй л адил сэтгэл зүрхтэй амьтад гэдгийг нь тодотгоно.

Бид ярилцаж эхлэхийн өмнө тус албаныхан Мартагийн гэх шагнал цомуудыг гаргаж өрөв. Энэ үед Балугийн шагнал байгаа эсэхийг лавлахад түүний сургагч Б.Баярдаваа Балугийн шагнал гэвэл би түрүү ээлж дээрээ хоол хийж өгсөн гээд инээлдэх. Мөн тэрбээр “Ерөнхий сайд хэлсэн юм. Хоёр нохойндоо үүрэг гүйцэтгэхэд зориулагдсан хамгийн сайн чанарын цээживчийг судалж байгаад хэлээд авхуулаарай. Тэр бол хоёр нохойны чинь шагнал шүү” гэж хэлсэн тухай дурдсаны дараа тус албаны дарга Ш.Отгонжаргал “Дэлхийн хамгийн үнэтэй цээживчийг гэсэн шүү” хэмээн мөн л инээлдэв.

Энд нэг зүйлийг дурдахад олон улсын томоохон ажиллагаанд оролцсон албаны ноход тэр даруй тэтгэвэртэй гардаг. Эсвэл сургагч багш нар тестэлж үзээд албанд үргэлжлүүлэн ажиллах эсэхийг шийддэг аж. Мөн тэднийг тэтгэвэрт гарвал сургагчид нь авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд БЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад Эрэлч нохойн сургалтын албаны дарга Ахмад Ш.Отгонжаргал, ахлах дэслэгч Д.Мөнх-эрдэнэ нартай ярилцсаныг хүлээн авна уу.

-Д.Мөнх-Эрдэнийн хувьд хамтрагч Мартагаа газар хөдлөлтийн голомтод руу явуулсан үеийн сэтгэгдлээр яриагаа эхэлье. Тухайн үед юу бодогдож байв?

-Турк руу аврах ажиллагаанд манай албанаас хоёр хүн, хоёр нохой явах ёстой байсан. Миний хувьд хүндэтгэх шалтгаантай байсан учир явж чадаагүй. Тэгээд манай албаны сургагч багш Бат-Эрдэнэ Мартаг авч явсан. Энэ амьтантай нөхөрлөөд дөрвөн жил болсон шүү дээ. Баг хугацаа биш. Тиймээс Туркийн аврах ажиллагаанд явахад нь үнэхээр их санаа зовж байсан. Газар хөдлөлт гэхээр нуранги, балгас дор эрэн хайх ажиллагаа явуулна. Гэмтэж бэртэхээс авхуулаад манай сургагч нохойд минь анхаарлаа над шиг тавьж чадах уу гэдэг дээр маш их санаа зовж байсан. Эхний гурав, дөрөв хоног унтаж чадаагүй. Байнга интернэт ороод л мэдээ орж байна уу гэж хараад л нөгөө хоёр луугаа залгаад л ер нь нэлээн хэцүү байсан. Гэхдээ даваад гарсан. Сайн ажиллаад ирсэн.

-Мэдээж таныг нэлээд санасан байх тосож авахад ямар үйлдэл гаргасан бэ?

-Ирэхдээ санасан гэхээс илүү гомдсон хандлага гаргасан. Ирээд надад эрхлээд долоогоод баярлахдаа чихнээс хазаж авсан. Тэгэхээр бас гомдсон гэсэн үг л дээ. Ирснийх нь дараа би Мартаг гэр лүүгээ авч явж хэд хонуулсан.

-Одоо эрэлч нохдын биеийн байдал ямар байгаа вэ?

-Ажиллагаанд явж ирээд газар хөдлөлтийн гамшиг голомт гэдэг чинь тоос буртаг маш их байдаг. Марта маань маш том нүдтэй. Тиймээс нүднийхэн салст руу тоос ороод үрэвсэж гэмтсэн байсан. Тэгээд албаны эмч авч явж эмчлээд одоо гайгүй болж байгаа. Гэхдээ жаахан улайлттай л байна. Мартагийн хувьд ядралт, сэтгэл санаа гайгүй байгаа. Угаасаа эргэлт хурдан авдаг нохой.

-Харин Балугийн хувьд?

-БНТУ-д газар хөдлөлтийн голомтод ажиллаж хүндрэлтэй нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэсэн учир хүнд хүнд зүйлс хараад нохой бас адилхан амьтан учир цочрол авсан байх. Балу сэтгэлзүйгээрээ унасан байх магадлалтай гэж сургагч багш нар үзэж байгаа. Одоо тест тавьж үзээд албандаа дахин ажиллах эсэхийг даргын зөвлөл, багш нар шийднэ. Ер нь албаны нохойг таваас зургаан жил ажиллуулаад тэтгэвэрт нь гаргадаг. Бас олон улсын томоохон аврах ажиллагаанд оролцсон үед тестэлж үзээд ажиллах боломжгүй байвал буцаагаад тэтгэвэрт нь гаргадаг.

-Туркээс ирснийхээ дараа эрэлч ноход эмчилгээнд орсон гэсэн үү?

-Тиймээ. Манай гэрээт байгууллага буюу SOS мал эмнэлэг  Балу, Марта хоёрыг авч яваад усанд оруулж ядаргаа тайлах шингэн. Эм тариа, дусал хийгээд авч ирсэн.

-Марта болон Балу нар анх ирэхдээ ямар зан араншинтай байв?

-Балу анх маш аймхай нохой байсан. Юм болгоноос айж, цочдог. Тэгээд сургалтын явцад сайжирч, яг сургагчийнхаа өгсөн командаар үүрэг гүйцэтгэдэг болсон. Одоо бол даруухан ажлаа няхуур хийдэг. Аливаа зүйл нухацтай ханддаг. Команд аваад ажиллахдаа төвлөрч гол цэгийн олж өгдөг. Марта угаасаа их сэргэлэн цовоо байсан. Энэ эрчээ алдалгүй одоо ч сайн ажиллаж байна.

-Эрэлч нохдын дуртай команд юу вэ?

-Балугийн дуртай команд бөмбөгний араас гүйх дуртай. Ирээд гэдэг командад маш дуртай. Нохой маань бөмбөгөө олохоороо маш их аз жаргалтай болдог. Заримдаа эзнээсээ хүртэл харамлаж цаашаа газар ухаж нуудаг. Харин Мартагын дуртай команд зугаал. Зугаал команд нь нохойнд эрх чөлөө өгч байна гэсэн үг. Дуртай зүйлээ л хийдэг болохоор зугаалах дуртай.

-Балу болон Б.Баярдаваа хоёрын хамтдаа гүйцэтгэж байсан ажлаас сонирхуулбал?

-Бид Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллаж байхдаа голд шивсэн хоёр удаагийн дуудлага, нийслэлийн эмээлт постоор оруулахыг завдсан 7 туулай, 10 гаруй тарвагыг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж олсон. Аравдугаар сард хүмүүс самарт их явдаг. Тэгээд Мөнгөн морьтод хүн төөрсөн дуудлагаар, албаны дарга, сургагч багш Мөнх-Эрдэнэ, Мартагийн хамт бид үүрэг гүйцэтгэсэн. Харин Марта тэрэлжид бясалгал хийж байгаад алга болсон хүний дуудлага болон бусад алга болсон хүмүүсийн дуудлагад хамт явж байсан.

-Марта болон Д.Мөнх-Эрдэнэ нарын хувьд?

-Бид нэлээд олон ажиллагаанд хамт явж байсан. Марта маань өөртөө маш итгэлтэй. Би бас нохойндоо 100 хувь итгэдэг. Хамгийн их итгэж байсан ажиллагаа гэвэл тэрэлжид байсан. Тэрэлжид бясалгал хийхээр очсон хүн алга болсон байсан. Тэр үед Марта яг л хүний явж болох замаар гүйгээд байсан. Би дагаж 10 орчим км газар зогсолтгүй гүйгээд нэг газар саатсан. Тэр үед тэр газарт өөрсдийн хэмжээнд үзлэг хийж дуусгасан. Хоёр жилийн дараа тэндээс нь цогцос нь олдсон. Ажлаа сайн хийдэг албанд заяагдсан төрмөл нохой гэж боддог.

-Мартагийн авсан шагналаас сонирхуулбал?

-Албаны нохойн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 2019 онд түрүүлээд алтан медаль авч байсан. Тэр үед нохойн алба байгуулагдаад хоёр жил болж байсан. Өндөр амжилттай оролцсон гэж бодож байгаа.

-Балу, Марта хоёрыг тэтгэвэртэй гарахаар нь яах вэ?

-Балу тэтгэвэртэй гарвал өөр дээрээ авах хүсэлтэй байгаа. Мартаг мөн сургагч багш нь өөр  дээрээ авна. Албаны нохой гэдэг чинь мэдээж маш стресстэй байдаг. Тэгэхээр хувьдаа авбал хөдөө мал дээр гаргаж дураар нь байлгаж, "зугаал команд"-ыг тултал өгнө. Өөр ямар ч команд өгөхгүй.

ФОТО: