ШУУРХАЙ: Чех улсад сураггүй алга болсон монгол иргэний цогцсыг 47 өдрийн дараа Лаби голоос оллоо

ШУУРХАЙ: Чех улсад сураггүй алга болсон монгол иргэний цогцсыг 47 өдрийн дараа Лаби голоос оллоо

Чехийн Пардубици хотод Фоксконн үйлдвэрийн ажилтан Монгол Улсын иргэн 54 настай Д овогтой Г нь энэ оны хоёрдугаар сарын 04 /2023.02.04/-ний өдрөөс хойш ор сураггүй алга болсон бөгөөд түүнийг Чехийн цагдаагийн газар болон ар гэрийнхэн нь Пардубицэ болон ойр орчмоор хайж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус монгол иргэний цогцсыг алга болсноос хойш 47 дэх хоногийн дараа буюу өчигдөр /2023.03.22/ Чехийн Лабетин тосгоны Лаби / Labi/ голоос олжээ. Өнгөрсөн хугацаанд эрэн хайлтын үйл явцын талаар Чехийн хэвлэлүүд мэдээлсээр байсан бөгөөд хамгийн сүүлд мөн Чехийн иргэн 17 настай эрэгтэй сураггүй алга болж, тэднийг хамт эрэн хайж байсан.

Ийнхүү Либа голоос ойролцоо Чвалетик, Шечан над Лабем, Семин хотуудаар дроноор хайж байх явцад цогцсыг илрүүлжээ. Энэ талаар тус улсын албаныхан, “Хэргийн газарт ирж холбогдох бүх сэжүүрийг баримтжуулсны дараа цогцсыг эрэг дээр гаргасан” гэжээ.

Ташрамд дурдахад, өнгөрсөн нэгдүгээр сарын 25 /2023.01.25/-ны өдөр Чех улсын Ческа Липа хотод амьдарч байсан монгол эмэгтэй гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болж, улмаар хоёр хоногийн дараа түүнийг нас барсан байхад нь олсон харамсалтай хэрэг гарсан. Алга болсон иргэдийн ар гэрийнхний зүгээс бүгд гарахдаа гэрийнхэнтэйгээ муудалцаад гарсан байж болзошгүй гэх мэдээлэл байна.

ЭХ СУРВАЛЖ: https://pardubicky.denik.cz/