Нүүрс тээврийн жолооч нар талцаж зодолдсоны улмаас нэг нь амиа алджээ

Нүүрс тээврийн жолооч нар талцаж зодолдсоны улмаас нэг нь амиа алджээ

Энэ сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Цагаан хад гаалийн хяналтын бүсэд нүүрс тээврийн жолооч нар талцаж зодолдсоны улмаас нэг жолооч амиа алдсан хэрэг гарчээ.

Тэд ямар асуудлаас болж маргасан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллага шалгаж байгаа ажээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар жолооч нар хоёр хэсэгт хуваагдан зодолдож үймээн, самуун дэгдээсэн байна. 

Мөн энэ өдөр нэгэн жолооч автомашиныхаа ачаан дээрээс унаж, золгүй байдлаар амиа алдсан хэрэг ч гарчээ. 

БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ унаснаас болж, борлуулалт зогсож, улмаар Тавантолгой, Гашуун-сухайт боомтод үүссэн нүүрс тээврийн автозамын ачаалал хүндэрчээ. Жолооч нарын зүгээс энэ хүндрэлийг шийдэх арга хэмжээ авахыг шаардан хоёр өдөр зам хааж жагссан байна. Уг жагсаал цуглааны үеэр үймээн, самуун болсон гэх мэдээллийг зарим эх сурвалжууд өгч байгаа юм. Арваннэгдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд БНХАУ-ын хилээр 350 нүүрс ачсан тээврийн хэрэгсэл нэвтэрсэн аж. Одоогийн байдлаар Цагаан хад бүст 4000 орчим нүүрс ачсан тээврийн хэрэгсэл болон төдий тооны жолооч нар машиндаа 15-20 хонож, түлш хоолны нөөц нь шавхагдсан байдалтай байгааг "Баян зам” тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү мэдээлжээ. 

Тээвэрчид машиндаа удаан байснаас сэтгэл гутралд орох, архидах явдал хавтггайрч, амь нас эрүүл мэнд нь эрсдэлд орж байна. Хэрвээ БНХАУ-ын тал өдөрт 350 машин хилээр нэвтрүүлбэл доод тал нь 15 хонож, түгжрэлгүй болгох юм байна. 

Тиймээс тээвэрчид Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан олон нийтийн сүлжээгээр тээвэрчид мэдэгдэл хийжээ. Тэд хүйтний улиралд тээвэрчид бид амь насаа алдах тохиолдол цаашид нэмэгдвэл жагсаал хийж, хатуу шаардлага тавьж тэмцэх болно гэдгээ илэрхийлсэн байна.