Ц.Одбаяр: Монголд амьтны яс хэлхдэг хүн өөр байхгүй. Над шиг "ёоёо"-той л биш бол хэн өмхийрсөн юмтай зууралдахыг хүсэхэв /ВИДЕО/

Ц.Одбаяр: Монголд амьтны яс хэлхдэг хүн өөр байхгүй. Над шиг "ёоёо"-той л биш бол хэн өмхийрсөн юмтай зууралдахыг хүсэхэв /ВИДЕО/

Монгол орны ихэнх музей, ШУ-ы хүрээлэнд зэрлэг амьтны хэлхсэн яс харвал за бараг Ц.Одбаярын бүтээл гэсэн бий. Ялангуяа мэрэгч амьтад дээр шүү. Учир нь Ц.Одбаяр өөрийн сонирхлоороо мэргэшиж, Зэрлэг амьтны араг ясыг шинжлэх ухааны зориулалтаар хийж бүтээдэг гавьяа нь гардаггүй ч зүтгэл нь үнэтэй нэгэн.

Өөрөөр хэлбэл Зэрлэг амьтны араг ясыг тухайн зүйл амьтны зан төрхөд нь тааруулж хэлбэр дүрсийг нь алдагдуулахгүй бодит байдлаар нь хэлхэж шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй билээ. Иймд энэ удаа бид Ц.Одбаяртай ярилцахаар түүний амьтны дэлгүүрийг зорьсон юм.

ВИДЕО: 

Түүний хувьд амьтан судлаач хүн болохоор мэргэжлээрээ хэсэг ажилласны дараа ийнхүү амьтны дэлгүүр нээж, яс хэлхэх хоббигоо хөгжүүлсэн аж. Мөн тэр "эрвээхэй цуглуулагч" үүнийгээ тэр цэвэр хобби гэж нэрлэж, яс хэлхэх бол нэгдүгээрт Монгол оронд огт байдаггүй учир тустай зүйл байсан гэдгийг онцолж байв.

Тухайлбал, Дэлхий дээр аль ч музей, эрдэм шинжилгээний байгууллагад цуглуулга яс байдаг. Бүр зарим алдартай музейд нь зөвхөн Монгол хулангийн ясны цуглуулга ч байдаг гэх. Гэвч тийм яс манай Биологийн музей, эрдэм шинжилгээний газруудад барагтай байдаггүй. Тиймээс энэхүү хоббигоо эхлүүлж ном, интернэт гэх багш нартай ажиллаж эхэлсэн байна. Анх юугаа ч мэдэхгүй, яаж эхлэхээ мэдэхгүй ясаа буруу зөрүү харуулж наагаад аймшгийн юм хийдэг байсан ч удаан хугацаанд чармайсны эцэст жижиг мэрэгчдийн яс сүүлдээ том амьтдын ясан дээр ажилладаг болж, 20 гаруй жил хичээж өнөөдрийн үр дүнд хүрч, төрөл бүрийн яс хэлхдэг болжээ.

Тэрбээр ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд биологич мэргэжлээр суралцсан. 1987 оноос ШУА-д ажиллаж байгаад 1990 оны сүүлчээр ажлаасаа гарч, 2000 онд амьтны дэлгүүр ажиллуулахдаа яс хэлхэх ажлаа эхлүүлсэн байна.

Мөн "Ясыг хэлхэхдээ эхлээд амьтнаа махнаас нь салгаж цэвэрлэдэг. Энэ ажлыг хийх явцад удсан яаж үхсэнээсээ шалтгаалаад амьтадын үнэр гэж бол авах юм байхгүй. Би уг нь чиглэлээрээ хүүхэд бэлдэх гээд Их сургуулиас хэдэн хүүхэд гуйгаад авчирдаг ч удахгүй больдог. Нэг талаар тэд хэтэрхий хурдан үр дүн хүлээж, мөнгө бодоод юм хийж чадахгүй байх шиг санагдсан ч нөгөө талаас тэдний зөв байх. Ер нь над шин "ёоёо" той хүн л биш бол өөр хэн ийм өмхийрсөн юмтай зууралдах вэ дээ" гэсэн юм.

Ц.Одбаяр өөрийн амьтны дэлгүүртэй амьтны хэлхсэн яснуудаа шилэн хоргонд хийж байршуулжээ. Тус дэлгүүрт хэлсэн могой, зараа, зурам, тарвага, шувуудын яс бий. Мөн тэрбээр зүгээр нэг хэлхэхээ болиод амьдыг гүйж байгаа, хооллож байгаа зэргээр уран сэтгэмжээр хийдэг болсон байна. Түүний ажлыг өрөө нь уг дэлгүүрийн хойд жигүүрийн булан. "Махнаас нь цэвэрлэж яс гаргаж, хэлхдэг гэхээр янз бүрийн хүмүүс амьтны толгой барьж ирээд "цэвэрлээд өг" гэдэг. Гэтэл толгой шулах зэрэг бол тухайн хүний өөрийнх нь хийх ажил шүү дээ. Би бүтэн яс л авч хэлхдэг. Бас мэдээж бичигтэй байж л бий хүлээн авч хэлхэж болно. Бусдаар хүн хүлээж авдаггүй. Нэн ховор гэх ирвэс, мазаалай зэрэг над дээр зөвшөөрлийн бичигтэйгээ ирж байсан. Би янзлаад холбогдох байгууллагууддаа хүлээлгэж өгсөн. Энэ мэтчилэн миний хийж буй бүтээлийн ихэнх нь манай хэдэн музей, ШУ-ы байгууллагуудад байдаг.

Харин би өөрийнхөө хувьд бол бяцхан мөрөөдөлтэй. Тэр нь нэгдүгээрт дэлхийд байхгүй ясны цуглуулгатай болж, олон орны хүмүүс тэрийг л үзэх гэж ирдэг байх. Яс нь хугарч байгальдаа эдгэрсэн зэрэг сонирхолтой амьтын ясыг хэлхэх гээд хэд хэдэн мөрөөдөл бодол бий. Цуглуулга гэхээр нэг л амьтны нэг яс биш. Нэг амьтны нас хүйсээс хамаарсан олон тооны ясыг хэлдэг. Энэ нь Монголд байхгүй" гэв.

Мөн тэрбээр "энэ бүгдийг ярихдаа инээмсэглэж, би их азтай хүн. Насаараа дуртай юм аа хийж яваа. Үүнийг хийхэд цаг хугацаа их ордог. Үр дүн бага ч хань минь юу ч хэлж байгаагүй. Маш сайн дэмждэг. Яваад хий л гэнэ. Би их сайн хань, сайхан гэр бүлтэй. Маш их азтай хүн" гэдгээ онцлон дурдаад болдог бол ядаж ганц шавьтай болж энэ бүхнээ өвлүүлэх хүсэлтэй явдгаа ярьж байсан юм.

ФОТО: