Нийт шүүгчийн хуралдаан боллоо

Нийт шүүгчийн хуралдаан боллоо

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйлийг албан ёсоор тайлбарлах тухай Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж,тус хуулийн 16.3 дугаар зүйлд заасан “мэдүүлэг”, 16.5 дугаар зүйлд заасан “шинжээчийн дүгнэлт” болон “шинжээчийн мэдүүлэг” гэсэн нотлох баримтуудын эх сурвалжуудыг нотлох ажиллагаанд хэрэглэх онцлогийг албан ёсоор тайлбарлаж, тогтоол батлав. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн бусад зүйлд тодорхойлогдсон нотлох баримтын эх сурвалжуудын төрөл бүрээр хууль хэрэглээний тайлбарыг хэсэгчлэн гаргаж, нотлох ажиллагааг журамлах юм.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Иргэний хэргийн танхимын саналыг хэлэлцлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан “шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах”, “баримтыг хасах”, 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан “илт үндэслэл муутай”, “тухайн шүүх бүрэлдэхүүн, шүүгч”, 120 дугаар зүйлийн 120.2, 167 дугаар зүйлийн 167.5-д заасан “гардан авснаас хойш”, 166 дугаар зүйлийн 166.4-д заасан “давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэсэн ойлголтуудыг албан ёсоор тайлбарлаж, тогтоол баталлаа.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Захиргааны хэргийн танхимын саналыг хэлэлцэж, тогтоол батлав. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан “нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан “бусад тохиолдолд”, “захиргааны акт”, 62 дугаар зүйлийн 62.1-д заасан “ноцтой хохирол”, “илт хохирол”, 111 дүгээр зүйлийн 111.3-т заасан “илт үндэслэлгүй”, “болно”, “уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн”, 114 дүгээр зүйлийн 114.1, 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан “гардан авсан”, “хүргүүлсэн”, 122 дугаар зүйлийн 122.1-д заасан “энэ хуулийн 14.6, 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол...”, “бичгээр гарсан өдрөөс хойш”, 122 дугаар зүйлийн 122.5-д заасан “энэ хуульд заасан холбогдох заалтыг бус хуулийн өөр зүйл, заалтыг баримталсан”, 122.6.3-д заасан “хүчингүй болгох” гэсэн ойлголтуудыг тус тус албан ёсоор тайлбарлав.
  4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсгийг албан ёсоор тайлбарлах Захиргааны хэргийн танхимын саналыг хэлэлцэж, тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.8-д заасан “сонгох”, 36.9-д заасан “сонгоогүй бол”, “томилох”, 36.8, 36.9 дэх заалтын “гурван жилийн хугацаагаар” гэсэн ойлголтуудыг албан ёсоор тайлбарлаж, тогтоол баталлаа.