ШҮҮХИЙН ШИЙДВЭР: Тамхины ишээ дутуу унтрааж хаяснаас хээрийн түймэр гарч, 193 сая төгрөгийн хохирол учруулжээ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР: Тамхины ишээ дутуу унтрааж хаяснаас хээрийн түймэр гарч, 193 сая төгрөгийн хохирол учруулжээ

Өнгөрсөн долоо хоногт Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс зэрэг 8 аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, урьдчилсан байдлаар 12-15 гэр, 16 хашаа саравч, 1 автомашин, ойн 42 га, хээрийн 202,847 га, нийт 202,889 га талбай өртсөн талаар албаныхан мэдээлсэн.

Мөн ой хээрийн түймрийн дийлэнх нь хүний хүчин зүйлээс олж гардаг гэдгийг тодотгож буй. Тэгвэл он гарснаас хойш хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг буюу ой хээрийн түймэрийн улмаас их хэмжээний хохирол учирсан гэх нэлээд олон хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгджээ. 

-“TOYOTA PRIUS-20” МАРКИЙН АВТОМАШИНЫ ЯНДАНГААС ГАЛ ГАРЧ, ТҮЙМЭР ДЭГДСЭН УЧИР ЖОЛООЧИД 2 ЖИЛИЙН ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ ОНООЖЭЭ-

Тухайлбал, Шүүгдэгч А.М нь 2022 оны есдүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ... дүгээр баг, “Д....” гэх газарт ......улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн автомашиныг жолоодон явахдаа өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр тавьж, байгаль экологид 64,638,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Тэрбээр шүүх хуралдаанд “Тухайн өдөр ногоо түүхээ явж байхад машины яндангаас оч үсрээд утаа гарч байсан учир буугаал машиныхаа шалавчаар хүн бүр тухайн ой хээрийн түймрийг унтраах гээд чадаагүй. Энэ талаар багийн даргад утсаар мэдэгдэх гээд гар утасны сүлжээтэй газар луу бөөндөө явсан. Замд хадлангийн хүмүүстэй тааралдаж уг асуудлын талаар хэлээд утсаар ярихаар явахад хадлангийн хүмүүс тухайн түймрийг унтраах гээд бас дийлэхгүй байсан. Тэгээд сумаас онцгой байдлын албан хаагч нар ирээд тухайн түймрийг унтраасан" хэмээн мэдүүлжээ. 

Шүүхээс шүүгдэгч А.М-г гэм буруутайд тооцож, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноож, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол 64,638,000 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах шийдвэр гаргасан байна. 

"ТАМХИНЫ ИШИЙГ ДУТУУ УНТРААН ХАЯСНААС ГАЛ ГАРЧ, 193 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ-

Шүүгдэгч .. нь 2022 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 10 цагийн орчимд Дорнод аймаг Чулуунхороот сум 2 дугаар баг “Хайлан” гэх газарт тамхи татаж, тамхины ишийг дутуу унтраан хаяж, гал шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсанаас болж хээрийн түймэр гарч байгаль экологид 193896.798 /нэг зуун ерэн гурван сая найман зуун ерэн зургаан мянга долоон зуун ерэн найман/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 10 цагийн орчимд Дорнод аймаг ...сум 2 дугаар баг “Хайлан” гэх газарт тамхи татаж, тамхины ишийг дутуу унтраан хаяж, гал шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсанаас болж хээрийн түймэр гарчээ. Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 1938.967 /нэг сая есөн зуун гучин найман мянга есөн зуун жаран долоо төгрөг/-ийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох шийдвэрийг гаргасан байна. 

-ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ УТСАНД БОГИНО ХОЛБОЛТ ҮҮССЭНИЙ УЛМААС ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ШАТАН ХЭЭРИЙН ТҮЙМЭР ТАВЬЖЭЭ-

Шүүгдэгч ... нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн ...сумын 1 дүгээр баг Дэлгэр гэх газарт улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үед тээврийн хэрэгслийн цахилгаан дамжуулах утсанд богино холболт үүссэний улмаас тээврийн хэрэгсэл шатан хээрийн түймэр тавьж, түймрийн улмаас 10258 га талбай шатаж байгаль орчинд 189,013,908 төгрөгийн хохирол, мөн уг түймрийн улмаас иргэн малын хашаа, саравч, өвсний хашаа зэрэг эд зүйл шатаж 7,139,000 төгрөгийн хохирол нийт 196,152,908 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

Тэрбээр энэ талаараа "Би 2022 оны 10 дугаар сарын 15-ны өглөө эзэмшлийн улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хүргэн дүү гэр рүү очсон. Дараа нь худаг явах гээд машинаа асаах гэсэн боловч асахгүй байсан тул өөр аккумлятор холбож асаагаад 11 цагийн үед  машинаа бариад гэрээс хойш 1 км орчим зайд байх мал усалдаг худаг руу явж байхад гэнэт хиншүү үнэртэхээр нь эргээд хөндлөн хараад салхи өөдөө зогссон. Тэгэхэд машины урд хэсгээс гал маналзаад эхэлсэн. Тэр үед арга хэмжээ авч амжилгүй гал өвсөнд тархсан бөгөөд салхи хүчтэй байсан. Тэгээд шууд сум руу мэдэгдэж шөнийн 02 цагийн үед унтраасан" гэжээ. 

Шүүхээс шүүгдэгчийг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж 196,152,908 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн тэнсэн харгалзах ял, байгаль экологид учирсан гэм хорын хохиролд нийт 18,901,390.8 /арван найман сая есөн зуун нэг мянга гурван зуун ерэн төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох шийдвэрийг гаргасан байна. 

Хаврын хуурайшилтын улирал эхэлчихсэн, салхи шуургатай байгаа нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул иргэн та хаврын салхи, шуургатай өдрүүдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.