"БОАЖ-ын сайд асан Л.Гансүхийн нэг нутгийн гэх ГЗБГЗГ-ын дарга асан Ц.Ганхүүд Богд ууланд их хэмжээний газар олгосон" хэргийг прокурорт шилжүүлжээ

"БОАЖ-ын сайд асан Л.Гансүхийн нэг нутгийн гэх ГЗБГЗГ-ын дарга асан Ц.Ганхүүд Богд ууланд их хэмжээний газар олгосон" хэргийг прокурорт шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүхэд холбогдох хэргийг АТГ-аас мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. 

Тодруулбал, Л.Гансүх нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богдхан ууланд "Г" ХХК-д 6233 м.кв, 97 мянган м.кв газрын тус тус албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж олгосон байжээ.

Тэрбээр тус компанийн үүсгэн байгуулагч Ж.Сарантуяагийн нөхөр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга асан Ц.Ганхүү нар нь Дундговь аймгийн Эрдэнэцагаан сумынх гэдгээрээ ойр дотно байдаг бөгөөд энэхүү холбоо хамаарлаараа давуу байдал олгож, Богдхан ууланд газар олгосон болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж. 

Ташрамд өгүүлэхэд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга асан Ц.Ганхүүг Зайсангийн аманд газар авч баяжсан хэргээр 2021 онд АТГ-д шалгаж, улмаар Засгийн газрын хуралдаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан юм. Нарийвчилбал, Ц.Ганхүүг нь Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын даргын албыг 2015 оноос хойш хашсан бөгөөд Зайсангийн аманд “Инэл Зайсан виллаж”, “Чариот Резиденс” хотхоныг эхнэр, хүү, дүү нарын компаниар бариулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх магадлалтай гэж байв. Мөн Ц.Ганхүү нь Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвд удирдах алба хашиж байсан нь дээрх хотхонуудыг барихтай харшлах бөгөөд барилгын газар олголт болон барилга барихад шаардагддаг тусгай зөвшөөрлүүдийг авахад нөлөөлдөг байж болзошгүй гэж үзэн мөнгө угаасан, албан тушаалын байдлаа ашигласан, хахуульд зуучласан гэсэн үндэслэлээр шалгаж байсан юм.