Хятад иргэд зэвсэгт этгээдүүдийг хөлслөн уурхай дээрэмдсэн асуудлаар УИХ-ын гишүүдийг холбогдуулан шалгаагүй гэв

Хятад иргэд зэвсэгт этгээдүүдийг хөлслөн уурхай дээрэмдсэн асуудлаар УИХ-ын гишүүдийг холбогдуулан шалгаагүй гэв

Өнгөрсөн сарын сүүлчээр "Хятад иргэд зэвсэгт этгээдүүдийг хөлслөн уурхай дээрэмдсэн хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байжээ" гэх мэдээлэл цацагдсан билээ. 

Харин уг мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь үгүйсгэж, эл асуудлыг шалгуулах болно гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Хятад иргэд зэвсэгт этгээдүүдийг хөлслөн уурхай дээрэмдсэн гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанд 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр иргэн Э.Бошигтоос “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ний эзэмшлийн гаалийн хяналтын талбайд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 20 орчим хүмүүс бүлэглэн, зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж БНХАУ-н иргэн Эрдэнэтогтохыг ална” гэж заналхийлсэн гэх утга бүхий гомдол мэдээлэл бүртгэгджээ. 

Мөн иргэн Б.Цогтбаатараас “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ний эзэмшлийн гаалийн хяналтын талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Майробалан” ХХК-ны ажилчид, жолооч нар руу 2023 оны хоёрдугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд 20 гаран гэмт этгээдүүд дайрч довтлон, айлган сүрдүүлэн заналхийлсэн” гэх гомдол мэдээллүүдийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.

Харин одоогийн байдлаар дээрх гомдол мэдээлэлд Сүхбаатар аймгийн засаг даргаар ажиллаж байсан болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг холбогдуулан мэдүүлэг авсан, дуудсан, шалгасан зүйл байхгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.