Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын удирдлагуудыг айлган сүрдүүлж дээрэмддэг 5 бүлгийн 13 этгээдийг яллагдагчаар татжээ

Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын удирдлагуудыг айлган сүрдүүлж дээрэмддэг 5 бүлгийн 13 этгээдийг яллагдагчаар татжээ

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭЦА-ны дарга, хурандаа Т.Сүхболд "Цагдаагийн байгууллагаас зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үүсгэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн гэмт үйлдлийг таслан зогсоох зорилгоор урьд өмнө удаа дараа ял шийтгүүлсэн этгээдүүдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 41 дүгээр зүйл /Хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тогтоох/, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 601 /Захиргааны хяналт тавих/-т заасны дагуу тогтмол хяналт тогтоон ажиллаж байна.

Урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоон, тэдгээрийн захиалгаар тухайн этгээдүүдтэй ижил төрлийн бизнес эрхэлдэг болон өр төлбөртэй этгээдүүдийг зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хэргүүдийг тухай бүр цагдаагийн байгууллага илрүүлэн шалгасан.

Мөн урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдтэй зохион байгуулалттай бүлэг үүсгэн аж ахуйн нэгж, иргэдийн хамгаалалтыг хариуцах халхавчаар бусдын бизнесийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хууль бусаар саад учруулах, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын гэр бүл, ойр дотны иргэдийг шууд болон шууд бусаар айлган сүрдүүлэх, захиалагч талд ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлэж хувь авч амьдралын эх үүсвэрээ болгож байгаа этгээдүүдтэй цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг үе шаттай зохион явуулж ажилладаг.

Энэ ажлын хүрээнд сүүлийн 5 жилийн байдлаар хийсэн ажлаас дурдвал:

  • 2019 онд 5 бүлгийн 6,
  • 2020 онд 5 бүлгийн 15,
  • 2021 онд 3 бүлгийн 6,

2022 онд 6 бүлгийн 12 этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татаж, шүүхээс холбогдох ял шийтгэлийг оногдуулсан байна.

2023 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлд /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа 8 бүлгийн 21 этгээдүүдийн хууль бус үйлдлийг шалгаж 5 бүлгийн 13 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Өнөөдрийн байдлаар захиргааны хяналтыг 699 этгээдэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдэд Эрүүгийн цагдаагийн албанаас хяналт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдэд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа 11, яллагдагчаар татагдан шүүх, прокурорын байгууллагад шилжүүлсэн 19, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн 3, ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад хорих ял эдэлж байгаа 6 этгээд байна.

Хяналтад байгаа урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдээс зарим этгээдүүд нь дахин гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлж байгаа боловч ажил хөдөлмөр эрхэлж нийгэмшин, ар гэрээ авч явж байгаа иргэд ч байгааг дурдах нь зүйтэй. Ашиг олох зорилгоор нэгдэж нийгэмд айдас, түгшүүр төрүүлэн бусдыг заналхийлж, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэнд, эд хөрөнгөнд халдан тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа гэмт бүлэг одоогоор байхгүй байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдийн амар тайван амьдралын төлөө хуулиар хүлээсэн үүргээ тасралтгүй хэрэгжүүлэн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа.