Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн Д.Эрдэнэбилэгт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр АТГ-т буцаажээ

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн Д.Эрдэнэбилэгт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр АТГ-т буцаажээ

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг АТГ-аас мөрдөн шалгаж, түүнд холбогдох хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард /2022.12/ шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар бид мэдээлж байсан билээ. 

Тэгвэл Д.Эрдэнэбилэгт холбогдох тус хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж үзээд нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр мөрдөх байгууллагад буцаажээ. 

Тодруулбал, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор бусадтай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан зэрэг хэрэгт буруутган АТГ-аас мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байсныг ийнхүү нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокуророос АТГ руу буцааж шийдвэрлэсэн байна. 

Эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Д.Эрдэнэбилэгийг өнгөрсөн оны тавдугаар сард цагдан хорьсон байдаг.

Улмаар Д.Эрдэнэбилэг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэх хүсэлт гаргаж, "Өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээл, хохирол төлбөрийг төлж барагдуулах асуудалд бодитой арга хэмжээ авна" гэдгээ мэдэгдсэнээр түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж байсан юм. Ямартай ч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болжээ.