“Шувуу” ажиллагаагаар авчрахаар төлөвлөсөн Н.Удаанжаргал Тайландаас автомашинаар Малайзад очжээ

“Шувуу” ажиллагаагаар авчрахаар төлөвлөсөн Н.Удаанжаргал Тайландаас автомашинаар Малайзад очжээ

"Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал өнгөрсөн оны аравдугаар /2022.10/ сард Солонгос руу албан томилолтоор явсан ч эргэж ирээгүй юм. Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар /2022.12/ сард ажлаас нь чөлөөлж, АТГ эрүүгийн хэрэг үүсгэсэн. Харин одоо "Шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байна.

Н.Удаанжаргалыг Аргентинд байгааг хоёр долоо хоногийн өмнө тогтоосон. Гэвч "Шувуу" ажиллагааны багийнхныг Аргентины талтай яриа хэлэлцээр хийж байх үед Н.Удаанжаргал нь дахин зугтжээ. Тодруулбал, тус улсын хилээр гарж, Тайланд улсад очжээ. Хамгийн сүүлд "...Нүүрсний нээлттэй сонсголд цахимаар оролцъё" гэдэг саналаа Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболдод тавьжээ.

Түүнчлэн гадаад руу зугтсан хүмүүсийн паспортыг хүчингүй болгож, данснуудыг "царцаах" арга хэмжээг "Шувуу" ажиллагааны хүрээнд авсан. Энэ хүрээнд Н.Удаанжаргалыг дансны аргаар илрүүлсэн бөгөөд тэрбээр хамт яваа хүнийхээ ээжийнх нь дансыг ашиглаж байсан гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл Н.Удаанжаргал нь өчигдөр /2023.04.19/ Тайландаас машинаар зорчиж Малайзад очсон байна. "Шувуу" ажиллагааныхан өнөөдрөөс Н.Удаанжаргалыг шилжүүлэн авахаар Малайзын Засгийн газар, хууль хяналтын байгууллагынхантай "Ярилцаж" эхлэх бололтой.