"Нүүрсний хэрэг"-т шалгагдаж буй Өмнөговийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын дарга Б.Бадраа нарыг уулзахыг хориглосон нь орон нутгийн ажилд хүндрэл учруулж байна гэв

"Нүүрсний хэрэг"-т шалгагдаж буй Өмнөговийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын дарга Б.Бадраа нарыг уулзахыг хориглосон нь орон нутгийн ажилд хүндрэл учруулж байна гэв

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлж мандсан "Нүүрсний хэрэг"-т Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гишүүнийг яллагдагчаар татан шалгаж буй. Прокуророос тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан ч Д.Бат-Эрдэнийг явуулаад Н.Наранбаатарыг авч үлдсэн.

"Нүүрсний хэрэгт" Өмнөговийн дээрх гишүүдээс гадна аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын дарга Б.Бадраа болон ИТХ-ын хэд, хэдэн төлөөлөгч шалгагдаж байгаа юм.

Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 08-ны өдөр саатуулж хорьсон. Тэрбээр хоригдсоноос хойш хоёр долоо хоногийн дараагаас мэдүүлэг өгч эхэлсэн бөгөөд холбогдогч нараа мэдүүлэхдээ дээрх хүмүүсийг нэрлэсэн байдаг. Б.Ганхуягийн мэдүүлгээр АТГ-аас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 албан тушаалтны нэрийг зарласны дотор Өмнөговь аймгийн хэд, хэдэн удирдах албан тушаалтан байсан нь дээрх хүмүүс юм. 

Тэгвэл Өмнөговь аймгийн удирдлагуудыг АТГ-аас шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд шалгалтын явцад тэднийг уулзахыг нь хоригложээ. Энэ нь орон нутгийн ажилд хүндрэл учруулж буй талаар эх сурвалж мэдээллээ.

Тэднийг албан тушаалаа ашиглаж, улсад хохирол учруулсан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэн шалгаж буй юм. Өнгөрсөн хугацаанд АТГ-аас дээрх хүмүүсийг хоёроос гурван удаа дуудаж байцаалт, мэдүүлэг авчээ. 

Хамгийн сүүлийн мэдээллээр хамтарсан ажлын хэсэгт АТГ, ЦЕГ, ТЕГ-ын 48 мөрдөгч ажиллаж, 47 хэргийг мөрдөж байгаа нь тодорхой болсон. Тодруулбал, прокуророос энэ талаар мэдээлэл өгөхдөө "57 хүнд холбогдох долоон хэргийг шүүх рүү шилжүүлсэн. 127 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсний 13 нь улс төрд нөлөө бүхий этгээд байна. УИХ-ын долоон гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байгаа юм. 107 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний 24-т хорих арга хэмжээ авсан. Одоо дөрвөн хүнийг үргэлжлүүлэн хорьж байна. Нийт 227 обьект нэгжсэн. 10 мянга орчим хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. 13 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй тул 97 эд хөрөнгийг битүүмжилж, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлав. Үүнд хувьцаа, үл хөдлөх, хөрөнгүүд, банкуудын зарлагын гүйлгээ,  тээврийн хэрэгсэл багтлаа. 630 сая төгрөгийг мөрдөн шалгах явцад хураан" гэсэн юм.