ШУУРХАЙ: Нүүрснээс гал алдаж, Сүхбаатарт хээрийн түймэр гарсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ

ШУУРХАЙ: Нүүрснээс гал алдаж, Сүхбаатарт хээрийн түймэр гарсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ

Дорнод, Сүхбаатар аймагт энэ сарын эхээр гарсан хээрийн түймрийн талаарх мэдээлэл өдгөө ч олны сэтгэлийг сэрдхийлгэж байна. Түймэр хурдан хугацаанд газар авсны улмаас олон арван га газар түймэрт өртөж, гурван айлын гэр, хашаатай мал, зэрлэг ан амьтад түймэрт өртсөн талаар албаныхан мэдээлсэн.  

Тэгвэл тус түймрийн шалтгаан нөхцөлийг тодруулах, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Сүхбаатар аймагт дэгдсэн түймрийн эзэн холбогдогчийг эхнээс нь олж тогтоосон байна. Тодруулбал, Сүхбаатар аймагт дэгдсэн түймрийг өнгөрсөн жилийн намар тус газарт хадлан бэлтгэсэн хүмүүс үлдээгээд явсан техник хэрэгслээ авахаар очих үеэрээ гал алдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Мөн нэр бүхий нүүрс тээврийн компанийн тээвэрлэж явсан нүүрснээс гал гарч, улмаар гал алдаж, түймэр гарсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон талаар эх сурвалж мэдээллээ. 

Хаврын хуурайшилтын улирал эхэлчихсэн, салхи шуургатай байгаа нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул иргэн та хаврын салхи, шуургатай өдрүүдэд ой, хээрт явахдаа:

  • Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах
  • Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх зэргээр галын аюулгүй байдлыг сайтар хангахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.