Дарханы замын тендерт оролцогчоос автомашин хахуульд авсан гэх Х.Оргил-Эрдэнийг ирэх даваа гарагт шүүнэ

Дарханы замын тендерт оролцогчоос автомашин хахуульд авсан гэх Х.Оргил-Эрдэнийг ирэх даваа гарагт шүүнэ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ болон “Альфа аcceт менежмент Монголиа” компанийн захирал З.Буяннэмэх, Д.Даваасүрэн нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 11-нд хийсэн билээ.

Улмаар дээрх гурван яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэх хурлыг энэ сарын 24-нд хийхээр товлосон юм. Өөрөөр хэлбэл, Дарханы замын тендерийг будилуулж, “Лексус RX-350” загварын автомашин хахуульд авсан гэх Х.Оргил-Эрдэнийг шүүх хурал ирэх даваа гарагт болох юм. 

Х.Оргил-Эрдэнэ нь ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга байхдаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдсон аж. Энэ үедээ Цайдмын хөндийгөөс Дарханы тойрог хүртэлх 30.53 км замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна гео инженеринг корпорац” ХХК-ийг шалгаруулсан. Үүнийхээ “шагналд” З.Буяннэмэхээс “Блюмон” оффис дахь “Даблью экс пи” ХХК-ийн албан өрөөнд Х.Оргил-Эрдэнэ 2019 оны тавдугаар сарын сүүлчээр гурван сая төгрөгийн хахууль авсныг АТГ-ын мөрдөгчид тогтоосон байдаг. Дараа нь “Лексус RX-350” загварын автомашиныг найз Б.С-ийнхөө нэр дээр хахууль болгож авсныг илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Чанаргүй зам тавьж, шүүхэд маргаантай байсан аж ахуйн нэгжийг З.Буяннэмэхийн оролцоотойгоор Х.Оргил-Эрдэнэ тэргүүтэй тендерийн үнэлгээний хорооныхон хахууль авч шалгаруулснаар Дарханы зам ашиглалтад орохгүй удсаныг уншигчид мартаагүй.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө