Автомашин хахуульд авсан Х.Оргил-Эрдэнэ нарыг шүүх хурал өнөөдөр болно

Автомашин хахуульд авсан Х.Оргил-Эрдэнэ нарыг шүүх хурал өнөөдөр болно

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ болон “Альфа аcceт менежмент Монголиа” компанийн захирал З.Буяннэмэх, Д.Даваасүрэн нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөдөөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Х.Оргил-Эрдэнэ ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга байхдаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдсон аж. Энэ үедээ Цайдмын хөндийгөөс Дарханы тойрог хүртэлх 30.53 км замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна гео инженеринг корпорац” ХХК-ийг шалгаруулсан. Үүнийхээ “шагналд” З.Буяннэмэхээс “Блюмон” оффис дахь “Даблью экс пи” ХХК-ийн албан өрөөнд Х.Оргил-Эрдэнэ 2019 оны тавдугаар сарын сүүлчээр гурван сая төгрөгийн хахууль авсныг АТГ-ын мөрдөгчид тогтоосон байдаг. Дараа нь “Лексус RX-350” загварын автомашиныг найз Б.С-ийнхөө нэр дээр хахууль болгож авсныг илрүүлсэн гэх мэдээлэл бий. 

Чанаргүй зам тавьж, шүүхэд маргаантай байсан аж ахуйн нэгжийг З.Буяннэмэхийн оролцоотойгоор Х.Оргил-Эрдэнэ тэргүүтэй тендерийн үнэлгээний хорооныхон хахууль авч шалгаруулснаар Дарханы зам ашиглалтад орохгүй удаж, олон иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсон билээ.