ВИДЕО: Д.Дорлигжавын гаднын иргэнээс дээрэмдэж авсан гэх “Токио зочид буудал"-ын эзэн татварын хэргээр ял шийтгэгдэж, Монголоос оргон зайлжээ

ВИДЕО: Д.Дорлигжавын гаднын иргэнээс дээрэмдэж авсан гэх “Токио зочид буудал"-ын эзэн татварын хэргээр ял шийтгэгдэж, Монголоос оргон зайлжээ

Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав "Токио зочид буудлын эзэн, гадаад улсын иргэнийг хэрэгт холбогдуулан дарамталж, зочид буудлыг нь дээрэмдэж авсан гэдгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлж байсан билээ. Тэгвэл Х.Нямбаатар сайдын мэдээлсэн Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав чухам аль улсын, хэн гэж хүнийг ямар хэрэгт холбогдуулан дарамталж, хаана байдаг, ямар нэртэй зочид буудлыг нь дээрэмдэв гэх асуултын хариултыг бид хайлаа. 

ВИДЕО: 

-ТОКИО ЗОЧИД БУУДЛЫН ЭЗЭН БОЛОХ ХЯТАДЫН ИРГЭН ТАТВАРЫН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙЖЭЭ-

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дээрэмдэж авсан гэх "Токио" зочид буудал нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, олны мэддэгээр "Драгон" төвийн урд талд байрладаг аж. Гэхдээ өдгөө тус зочид буудал нь үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд гурван давхар хуучин барилга нь хэдийнэ эвдэрч, нуржээ. Нээлттэй мэдээллээс үзэхэд тус барилга нь 8700 мкв талбай бүхий газрын хамт "Ээвэргрийн таед" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа юм. Харин "Ээвэргрийн таед" ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Нарангэрэлийн Энхзул гэх хүн бүртгэлтэй байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 336/1 тоот хаягт байрлах 2592 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, подволтой 3 давхар уг "Токио" зочид буудал нь анх “Жиньди” ХХК-ийн эзэмшилд байсан нь анхаарал татна.

Тус компанийн захирал HONGXIA буюу Улаантуяа гэх хятад иргэн байсан  аж. Тэрбээр Монголд үйл ажиллагаа явуулж байхдаа татвар ногдох онц их хэмжээний орлогыг нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдож, 139 хоног цагдан хоригдож байжээ. Улмаар 2013 оны хоёрдугаар сарын 4-ны өдөр Баянгол дүүргийн шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хун Шиагаас 1.000.000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140.400 төгрөгийг 400 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 56.160.000 /тавин зургаан сая нэг зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. 

БНХАУ-ын иргэн Хун Шиа-д холбогдох хэргийн шүүхийн шийтгэх тогтоол

-ХЯТАДЫН ИРГЭН МОНГОЛД ЯЛ ШИЙТГЭГДЭЖ, УЛМААР ОРГОН ЗАЙЛЖЭЭ-

Гэвч “Жиньди” ХХК-ийн HONGXIA буюу Улаантуяа гэх хятад иргэн нь уг шийдвэр гарсны дараа Монгол Улсаас оргон зайлсан гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс ч тус компани нь Чэн Бин гэх хятад иргэний нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжиж улмаар тухайн хүн нь "Токио" зочид буудлын дээрх объектыг "Жиньди" ХХК-ийн өмчлөлөөс "Ээвэргрийн Таед" ХХК-ийн өмчлөл рүү шилжүүлсэн байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Үүнээс үзэхэд "Токио" зочид буудлын эзэн БНХАУ-ын иргэнд холбогдох хэрэг Ерөнхий прокуророор Д.Дорлигжавыг ажиллаж байх үед гарч, ял шийтгэгдэж, улмаар оргон зайлсан нь магадгүй Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай холбоотой байхыг үгүйсгэхгүй юм. Ямартай ч Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дээрэмдэж авсан гэх зочид буудал нь Баянгол дүүргийн хороонд байрлаж байсан “Токио” гэх зочид буудал байжээ.