Монголын баялагт шунасан хятад эр “Эрдэнийн босго" ХХК-ийн лицензийг булааж авахаар, монгол эмэгтэйг эх оронд нь дарамталж байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл энэ удаад нэг сумын газар нутгийг бүхэлд нь ашиглалтын лицензээр эзэмшдэг Хятад компани Монгол Улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн талаарх мэдээллийг хүргэж байна.
-ХЯТАДУУДЫН ҮҮСГЭСЭН МАРГААНЫГ ЭВИЙН ЖУРМААР ШИЙДВЭРЛЭХЭЭР МОНГОЛЫН ТАЛ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖЭЭ-
Тодотговол, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт 36,365 га талбай бүхий нүүрсний ашиглалтын таван тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Эйкүсора” гэх хятадын хөрөнгө оруулалттай компани нь Монгол Улсын Засгийн газрын эсрэг арбитрын маргаан үүсгэхээр болжээ.
Тодруулбал, Монгол Улсад бүртгэлтэй "Шинэ Шивээ" ХХК, “Эйкүсора” ХХК болон БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс Хонг Конгт бүртгэлтэй "Корнерстеун Маркетинг Ази Лимитод" ХХК-ийн хуулийн зөвлөх болох Хонг Конг дахь "OLN OLDMAN, LI&NIE" хуулийн фирмээс Монгол Улсын Засгийн газрын эсрэг арбитрын маргаан үүсгэхээр болсон байна. Энэ тухайгаа ч манай улсад мэдэгджээ. Харин Монголын тал уг асуудлыг судалж, маргааныг эвийн журмаар шийдвэрлэх боломжтой эсэхийг судлахаар Ажлын хэсэг байгуулсан байна. Тус Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахалж байгаа аж.
-СУМЫН ТӨВӨӨ БҮХЭЛД НЬ АЛДСАН ШИВЭЭГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ЭСЭРГҮҮЦЛЭЭС ҮҮДЭЖ, "ЭЙКҮСОРА” ГЭХ КОМПАНИ АРБИТРЫН ШҮҮХЭД ХАНДСАН БОЛОЛТОЙ-
Монгол Улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгөхөө мэдэгдсэн “Эйкүсора” гэх хятадын хөрөнгө оруулалттай компанийн гүйцэтгэх захирлаар Д.Төрболд гэх хүн бүртгэлтэй байх бол тус компанийн хувьцааг Хонг Конгийн Cornerstone Marketing Asia Limited гэх компани эзэмшдэг байна.
“Эйкүсора” ХХК нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт MV-020424 дугаартай Хүрэн дух, МV-020423 дугаартай Шивээговь, МV-020421 дугаартай Шивээговь 1, MV-020419 дугаартай Шивээ-1, МV-020420 дугаартай Шивээ-2 ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг аж. Харин эдгээр нь нийтдээ 36,365 га талбайг хамардаг бөгөөд үүнд нь Шивээговь сум бүхэлдээ багтдаг байна. Тиймээс нутгийн иргэд үүнийг нь эсэргүүцэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхээр тэмцэх болсноор маргаан үүссэн гэх мэдээлэл байна. Ямартай ч Монгол Улсад ашиглалтын лиценз нэрээр нэг сумын төвийг бүхэлд нь эзэмшдэг хятад компани Монгол Улсын Засгийн газрын эсрэг маргаан үүсгэхээр арбитрын шүүхэд ханджээ.