“No war” хөдөлгөөний залуус буюу Э.Одбаяр, Ц.Чинбат, Л.Ганхөлөг, Б.Билгүүн, Б.Бямбагэрэл нарыг Эрүүгийн хуулийн 13.14 буюу “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” мөн 23.1 дэхь хэсгийн “Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож Зорчих эрхийг нэг жилийн хугацаанд хязгаарлах шийдвэрийг шүүхээс гаргасан.
Улмаар ял эдлүүлэх хугацаанд тэднийг цахим гаваар хянаж байгаа юм. Тэгвэл тус гав нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй талаар Билгүүн, Э.Одбаяр, Чинбат нар ийнхүү онцолж ярилаа. Тодруулбал, тэднийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гүтгэсэн, иргэн Д.Монголхүүг Хорих 461 дүгээр ангиас авч гарахдаа хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн хэмээн буруутгасан юм. Шүүхийн шийдвэрийг ЭНД дарж уншина уу.
ВИДЕО:
-Б.БИЛГҮҮН: ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮНД СУРТЛААС БОЛЖ ГЭРТЭЭ ОРЖ ЧАДАХГҮЙ, АЙЛААР ХОНОГ ТӨӨРҮҮЛЖ БАЙНА-
Энэ үеэр Б.Билгүүн " 2021 онд анх шүүхийн процесс эхлэх үед би Баянзүрх дүүрэгт түр оршин суудаг байсан. Тэр үед шүүхээс "Яг одоо оршин суугаа газрынхаа хаягийг хэлж өг" гэсэн. Би Баянзүрх дүүрэг гэж хэлсэн. Энэ хэрэг шүүхээр хэлэлцэгдэж явсаар 2023 дөрөвдүгээр сарын 27-ны өдөр шийдэгдлээ. Энэ хугацаанд би амьдрах газрынхаа байршлыг өөрчлөөд Сүхбаатар дүүрэгт амьдардаг болсон. Би үүнийг тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас асууж байсан.
Тодруулбал, "Миний хаяг өөрчлөгдсөн. Үүнийг яах вэ. Шүүхийн шийдвэр гарах үед намайг гэр оронгүй болгочих вий" гэж асуухад "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцна" гэсэн. Ийм хариу авсан хүн чинь үйл явц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очтол нь хүлээсэн. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очсоны дараа би сургууль, хорооны тодорхойлолт гээд бүхий л нотлох баримтаа хуулийн дагуу өгсөн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас "Ямар ч аргагүй. Чи гэр оронгүй Баянзүрх дүүрэгтээ байна" гэсэн. Би энэ асуудлаа шийдүүлж гэртээ харихын тулд прокурорт хандах гэсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын намайг хариуцсан мэргэжилтэн нь ямар прокурорт хандах ёстойг минь хэлж өгөхгүй байгаа. Ямар нэгэн шалтгаангүйгээр прокурорын нэрийг хэлэхээс татгалзсан. Тэр хүн өөрөө мэдэхгүй хүний эрх зөрчөөд байна. Би энэ асуудлаар ажлын тав хоногт прокурорт хандаж шийдүүлэх эрхтэй.
Шөнө яг хүн унтах цагаар энэ гаванд дөрвөн удаа мессеж ирсэн. Тэр бүрт асар хүчтэй доргилт өгдөг. Түүнийг би заавал шалгах ёстой. Шалгахгүй бол Д.Монголхүү шиг ял авах нөхцөл байдал үүсч болно.
Мөн намайг бүсчлэлээс гараагүй байхад гарсан гэж мессеж ирүүлсэн. Мөн Шүүхийн шийдвэрээс над руу холбогдож "Гараад байраа тойроод 10 минут алх" гэсэн. Би тойрч алхсан. Энэ бол орчин үед хүнийг эрүүдэн шүүж байгаа хэлбэр. Шүүхийн шийдвэр миний асуудлыг шийдэж өгөхгүйгээс болж би энд айл, айл хэсээд явж байна. Гэртээ очиж чадахгүй байна. Өнөөдөр би МУИС-д шалгалттай байсан. Түүнийгээ өгч чадсангүй. Миний хувьд 2023 оны хоёрдугаар сард бөөрний хагалгаанд орсон. Байнга эмчийн хяналтанд байх ёстой. Гэтэл Сүхбаатар дүүрэг дэх эмнэлэгтээ хяналтанд орох боломжгүй болсон" гэлээ.
-Ц.ЧИНБАТ: БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ РҮҮ ОРЖ БОЛОХГҮЙ УЧИР БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ГАНЦААРАНГ НЬ СУРГУУЛЬ РУУ НЬ ЯВУУЛЖ БАЙГАА-
Харин Э.Одбаяр, Ц.Чинбат нарын хувьд " Бид өнгөрсөн сарын 30 -ны өдөр Оросын Элчин сайдын яамны гадна жагссан. Сүхбаатар дүүргээс гараагүй. Гэтэл зөвшөөрөгдсөн бүсээс гарлаа гэдэг мессежийг ирүүлж байна лээ. Мөн энэ цаг нь цэнэгээ бас хурдан алддаг, эвдэрхий" гэсэн. Ц.Чинбатын хувьд бага насны хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд Баянзүрх дүүрэг дэх сургууль руу нь хүргэж өгөх боломжгүй болж ганцааранг нь явуулж буй аж.
Тэд энэ талаар ярихдаа " Анхан шатны шүүх хуралд оролцсон прокурор, шүүгч хоёр найз байсан. Тэд ял өгсөн. Захиалагч нь хэн бэ гэдгийг бид тодорхой хардаж байгаа. Харин давж заалдах шатны шүүхийн шүүгч нар нь лифтэнд "оцгонодог" шүүгч нар байсан. Тэд бүрэлдэхүүнээрээ шийдээд ялыг хэвээр үлдээсэн. Ингээд Улсын дээд шүүхэд хандтал хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Энэ гавыг нэг жилийн хугацаанд зүүнэ. “No Double” стандарт анх эхлэхэд Ц.Чинбат, Д.Монголхүүг болон намайг хорьсон. Тэр хоригдсон хугацааг хасч тооцно гэсэн. Бидэнд хэд, хэдэн ял өгсөн. Нэгдүгээрт, Зорчих эрхийг хязгаарлах ял оноосон. Хоёрдугаарт, зорчих эрхийн хамрах хүрээг багасгасан. Гуравдугаарт, энэ гавыг хэрэглэснээрээ төлбөр төлж байгаа. Дөрөвдүгээрт, хоёр жилийн хугацааны хилийн хориг оноосон. Энэ бол хуулийн маш том алдаа" гэсэн юм.