Будсын гээгдүүлсэн гар утсыг олж ашигласан этгээдэд холбогдох хэргийг шүүжээ

Будсын гээгдүүлсэн гар утсыг олж ашигласан этгээдэд холбогдох хэргийг шүүжээ

Прокуророос “шүүгдэгч Ж-г хохирогч Б-н гээгдүүлсэн Самсунг А12 /Samsung A12/ загварын гар утсыг 2022 оны 10 дугаар сард олж авч, улмаар тухайн гар утасны кодыг гаргуулж хувьдаа завшсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлжээ.
 
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Б нь 2022 оны 10 дугаар сард өөрийн эзэмшлийн Самсунг А12 загварын гар утсаа гээгдүүлснийг шүүгдэгч Ж олж аваад өөрийн сим картыг хийж хууль бусаар ашиглаж байсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон. Гээгдэл эд хөрөнгө гэж хуулиар өмчлөх, эзэмших, ашиглахыг хориглоогүй, өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй эд зүйлийг ойлгоно. Иймд хохирогч Б-ийн Самсунг А12 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ.
 
Энэхүү гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй бөгөөд хохирогчийн эд хөрөнгийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийн эзэмшилд шилжүүлсний дараа бусдад зарах, шилжүүлэх, өөрийн өмч адил хууль бус эзэмшил тогтоох зэрэг аргаар завшсанаар төгсдөг тул шүүгдэгч Ж-г гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурор шүүгдэгч Ж-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.
 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ... бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”-өөр заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж шийдвэрлэв.