СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ДРИФТ хийж байгаад ГУРВАН хүн амиа алдсан газар дахин дрифт хийхийг завджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ДРИФТ хийж байгаад ГУРВАН хүн амиа алдсан газар дахин дрифт хийхийг завджээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд замд өнгөрсөн наймдугаар сарын 29-ний шөнийн 03 цаг орчимд зам тээврийн ноцтой осол гарсан. Ослыг эргэн сануулбал,  Субару импреза маркийн автомашин дрифт буюу шулуун замд хурд хэтрүүлэн уралдах, тойрог эргэлт хийж байгаад онхолдож зураг аваад зогсож байсан хоёр эмэгтэй болон жолооч эрэгтэй нас барсан.

Зураг аваад зогсож байсан хоёр эмэгтэйг дайрснаас болж цогцос нь хэдэн хэсэгт хуваагдсан талаарх цочирдом мэдээлэл гарч байсан билээ.

Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас автомашиндаа зориулалтын бус спорт болон нэмэлт тоноглолт хийж хотоос зайдуу замд зориулалтын бус зам, талбайд дрифт хийх, тээврийн хэрэгслийн хурд, хүчийг үзэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж байгааг анхааруулсаар байгаа. Мөн иргэд дрифт хийж болох автозамуудыг байнгын хяналтандаа байлгаж, хяналт, шалгалтыг тогтмол хийж байгаа юм.

Ийнхүү холбогдох байгууллагаас дрифт хийх нь өөрийнх болоод бусдын эрүүл мэнд, амь насыг хохироох эрсдэлтэйг анхааруулсаар байтал өчигдөр /2019.12.03/ 21 цагийн орчимд өнгөрсөн наймдугаар сард ноцтой осол гарч гурван хүн амиа алдсан Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд замд дрифт хийж уралдахаар цугласан долоон автомашинтай 10 гаруй залуусыг БЗД дэх Замын цагдаагийн хэлтсээс илрүүлж, зөрчлийг таслан зогсоосон байна.

Энэ талаар БЗД дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Сүхбатаас тодрууллаа. 

БЗД дэх Замын цагдаагийн хэлтсээс дрифт хийж болзошгүй газруудыг тогтмол хянаж байгаа юу?

Энэ замд бол хэсэгчилсэн байдлаар хяналт тавьдаг. Өнөөдөр /2019.12.03/ хөдөлгөөнт байдлаар хяналт тавьж байхад эдгээр долоон автомашинтай залуус дрифт хийж байсан зөрчил илэрсэн. Энэ зам бол уралдааны зам биш. Нийтийн хэрэгцээний зам. Тиймээс дрифт хийхэд зохимжгүй бөгөөд маш аюултай нөхцөл байдал үүсч болох эрсдэлтэй.  Яг энэ зам дээр гурван хүн эрдэнэт амиа алдсан ноцтой зам тээврийн осол гарсан. Тиймээс дахин иргэдийг амь насаа алдах зөрчил гаргахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байхад ингээд дрифт хийх гээд цуглаж байгаад үнэхээр харамсалтай байна. Залуучууддаа хандаж хэлэхэд дрифт хийх гэх зөрчлийг бүү гаргаач. Мөн иргэд дрифт хийж байгааг харвал цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй гэж хэлмээр байна. Иргэд жолооч нар цагдаа байгаа газар дүрмээрээ, бусад газарт дураараа явж өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж буй үйлдлээ зогсоож замын хөдөлгөөнд оролцож байгаа бүхий л газарт дүрмээрээ хөдөлгөөнд оролцож байгаарай гэж хэлмээр байна.

Дрифт хийсэн тохиолдолд хуулийн дагуу ямар хариуцлага хүлээлгэх вэ? Жолооны эрхийг нь хасах уу? 

Эдгээр автомашинуудыг жолооч нарт өгч явуулбал зугтах, өөр газарт очиж дахин зөрчил гаргах зэрэг үйлдэл гарч болзошгүй учир урьдчилан сэргийлэх зорилгоор автомашинуудыг нь ачигт машинаар ачуулаад тээврийн хэрэгсэл түр саатуулах газар руу явуулж байна. Жолооч нарыг шалгаж байна. Эхнээсээ бичиг баримтгүй яваа жолооч байна. Тиймээс шалгалтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэн хийж, зөрчил байгаа бол илрүүлж, тохирох арга хэмжээг авна. Дрифт хийж байгаа тохиолдолд хурд хэтрүүлсэн болон өөр бусад замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэхийг шалгаад хариуцлага оногдуулна. Дүнжингаравын энэ замд хурд хэмжигч байршуулсан байгаа. Тиймээс хурд хэтрүүлсэн байдлаас хамаараад торгох шийтгэлээс гадна жолооны эрхийг хасах арга хэмжээг авдаг. Түүнчлэн эдгээр залуусд урьдчилан сэргийлэх үүднээс ухуулга сурталчилгааг хийж танилцуулах ажлыг мөн хийнэ.

Долоон автомашинд нийт хичнээн хүн байна вэ? Насны хувьд хэдээс хэдэн насны хүмүүс байна?

18-25 насны 10 гаруй залуус байна.

Ингээд харахад автомашинуудад зориулалтын бус спорт тоноглол хийсэн харагдаж байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр тоноглолыг хурааж авах эрх бий юу? 

Яндан болон өөр нэмэлтээр тоноглосон эд ангиудыг бүгдийг нь оношилогоонд оруулна. Оношилгоогоор тэнцэхгүй бол эдгээр тоноглолыг болиулах арга хэмжээг зохион байгуулна.