ВИДЕО: Могой барих гэж байгаад хатгуулсан хүн өдөрт 5-6-аараа ирж байна. Хатгуулсан тохиолдолд хорыг амаараа сорж хэрхэвч болохгүй

ВИДЕО: Могой барих гэж байгаад хатгуулсан хүн өдөрт 5-6-аараа ирж байна. Хатгуулсан тохиолдолд хорыг амаараа сорж хэрхэвч болохгүй

Улаанбаатар хотын суурьшлын бүсэд могой орж ирэх тохиолдол олширч байна. Иргэд суурьшлын бүсэд орж ирсэн могой болон хөдөө орон нутагт аялж зугаалж яваад могойд хатгуулах тохиолдол эрс нэмэгджээ.

Энэ он гарсаар зэрлэг амьтадтай холбоотой 24 удаагийн дуудлага мэдээллийг Нийслэлийн байгаль орчны газар хүлээн авснаас 15 нь хортой буюу бамбайн хоншоорт могойн талаарх дуудлага байжээ. Энэ төрлийн дуудлага жил бүрийн долдугаар сараас есдүгээр сарын сүүл хүртэл буюу могойны идэвхжилийн үеэр нэмэгддэг байна. Иймээс сэрэмжлүүлэг мөн зөвлөгөө болгох үүднээс энэ удаагийнхаа сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.

ВИДЕО:

Бид Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн эмч ажилтнуудтай уулзаж нөхцөл байдлыг тодруулахад “Энэ долоо хоногт хатгуулсан иргэд харьцангуй цөөн байгаа бол өмнөх долоо хоногт өдөрт 5-6 орчим иргэд ирдэг байсан” гэсэн юм. Бид үргэлжлүүлэнГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслийн тасгийн эрхлэгч Ч.Нарантунгалаг эмчтэй уулзаж иргэд ямар тохиолдолд хатгуулах нь элбэг байгаа болон хатгуулсан тохиолдолдямар арга хэмжээ авах мөн хориглох зүйлсийн талаар асууж ярилцлаа.

-Ойрын өдрүүдэд могойнд хатгуулсан тохиолдол хэр их ирж байна?

Энэ долоо хоног эхэлснээр өнөөдрийн байдлаар могойнд хатгуулсан ирээгүй байна. Гэхдээ түрүүгийн долоо хоног болон сүүлийн 14 хоногт могойнд болон шавжид хатгуулсан хүмүүс их ирлээ. Эдгээрээс могойнд хатгуулсан нь илүү элбэг буюу өдөрт 5-6 хүн ирэх тохиолдлууд элбэг байсан. 

Могойнд хатгуулсан үед ямар шинж тэмдэг илэрдэг юм бол? Мөн иргэд ямар тохиолдолд могойнд хатгуулах нь элбэг байдаг вэ?

Хатгуулсан хэсэг газарт улайж хавдах, хорсох, өвдөх улмаар хаван хавдар нэмэгдэх шинж тэмдгүүд илэрнэ.  Манай Монголын хувьд бага хэмжээний цус задлах үйлчилгээтэй хортой могойнууд байдаг. Мөн хоргүй могойнууд ч байдаг. Ихэнх тохиолдолд нь хотод болон хөдөө орон нутагт аялж зугаалж яваа хүмүүс могойнд хатгуулж ирж байна. 

Гол нь хүмүүс могойд хүрэх эсвэл өтгөн ногоотой ургамалтай газруудаар хөл нүцгэн явсан тохиолдолд мөн могойг барьж авах оролдлого хийсэнтэй холбоотойгоор могойд хатгуулсан тохиолдол ирж байна.

Тиймээс иргэд маань Өтгөн ногоо ургасан чийгтэй газруудаар аль болох хөл нүцгэн явахгүй байх, битүү гуталтай байх, могой таарах юм бол тэрийг оролдохгүй байх, барьж авахгүй байх, могой үхсэн юм шиг байх юм бол үхчихсэн байна гээд оролдохгүй байх гэх мэтчилэн аль болох өөрсдийгөө сэргийлэх хэрэгтэй.

Могойд хатгуулсны дараа ямар анхны тусламж үзүүлэх ёстой вэ? Мөн могойд хатгуулсан үед хорыг гадагшлуулахын тулд сорох ёстой гэсэн ойлголтбайдаг. Энэ хэр зөв бэ?

Хамгийн түрүүнд цэвэр усаар тухайн хатгуулсан хэсгийг угааж цэвэрлэх шаардлагатай.

Үүний дараа цэвэр боолт хийгээд ойрын эмнэлэгт үзүүлэх болон яаралтай тохиолдолд түргэнтусламжийг дуудаж үзүүлэх ёстой. Мөн могойнд хатгуулсан тохиолдолд тухайн хэсгийг амаараа хорыг нь сорж огт болохгүй.

Ямар насны хүмүүст илүү эрсдэлтэй байдаг вэ?

Могойд хатгуулсан тохиолдолд настай хүмүүс, ялангуяа 50-аас дээш насны хүмүүс, мөн 5-аас доош насны бага насны хүүхдүүд хатгуулсан тохиолдолд илүү хүндрэх аюултай байдаг.

Тийм учраас настнууд болон бага насны хүүхдүүдээ аль болох могойд хатгуулахаас сэргийлэх хэрэгтэй. Мөн могойд хатгуулсан тохиолдолд маш их хэмжээгээр цус задардаг. Энэ тохиолдолд ерөнхий биеийн байдал муудах, бөөрний дутагдалд орох, цус багадах гэх мэтчилэн зайлшгүй эмийн эмчилгээ шаардлагатай асуудал үүсдэг. Мөн мөчдүүдэд хатгуулсан тохиолдолд хаван хавдар ихэссэнтэй холбоотойгоор тухайн хэсэг газарт дарагдлын хам шинжүүд үүсч, цус гүйхээ больдог. Энэ тохиолдолд тухайн мөчдийн судсыг нь суллах, том хэмжээний зүслэгүүд хийдэг. Тийм учраас дараа дараачдаа ийм аюултай байдалд орохгүйн тулд эхлээд аль болох могойноос хол байх, харсан тохиолдолд оролдохгүй байх тал дээр иргэд анхаарах хэрэгтэй байна.




Өнөөдөр бар өдөр

11 минутын өмнө