ВИДЕО: Археологичдын нээсэн Сяньбигийн язгууртны булшнаас тахил өргөсөн байж болзошгүй зарц нарын араг яс, 1800 жилийн өмнөх махчин шавж олджээ

ВИДЕО: Археологичдын нээсэн Сяньбигийн язгууртны булшнаас тахил өргөсөн байж болзошгүй зарц нарын араг яс, 1800 жилийн өмнөх махчин шавж олджээ

Бид энэ удаад монгол хүн бүр бахархан сонжиж, үр хойчдоо үзүүлэх цаашлаад гаднын улсад гайхшируулан ярих нэгэн сонирхолтой нэвтрүүлэг бэлтгэхээр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн Хонгор сумыг зорилоо.

Юу гэвэл. Өнгөрсөн долдугаар сарын 31-ний өдөр МУИС-ийн Улаанбаатар Сургуулийн Түүх, археологийн тэнхимийн доктор Т.Идэрхангай болон тус тэнхимийн 2-р багын хамт олон одоогоос 1800 жилийн өмнөх үе буюу Сяньбигийн үеийн язгууртны бунхант булшны малтлага судалгаа хийж, томоохон нээлтүүд хийв. Тодруулбал, Тус өдрийн мэдээллээр, “Судалгааны явцад бунхны хойд талд бүтэн хоёр язгууртны хөндөгдөөгүй (арай малтаж гараагүй) оршуулга зэрэгцээ байх бөгөөд бунхны үүдэнд тэдгээрийг дагалдуулж тавьсан хоёр хүн (зарц бараа бологсод бололтой хоёр язгууртан руу харуулж суугаа болон хагас суугаа байдлаар тавьсан бүтэн), 20 гаруй шавар ваар сав болон ан амьтад илэрч олдоод байна. Хамгийн сонирхолтой нь дал, дөрвөн өндөр дагалдуулжээ” хэмээсэн юм. Иймд бид болж буй үйл явдлыг тодотгож, малтлагын ажлыг олдворуудын хамт газар дээрээс нь үзүүлж, 1800 жилийн тэртээхэд аялуулахаар энэ удаагийн нэвтрүүлгээ бэлтгэнэ хүргэж байна.

ВИДЕО: 

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд судлаач, археологичид Монгол Улсын түүхэнд эргэлзэж, “Хэрэв энэ Монгол Улс эртний хүчирхэг гүрэн болох Хүннү, Сяньбигийн үр хойч гэдэг нь яг үнэн үү. Үнэн бол яагаад тус улсын газар нутгаас батлах олдвор олдохгүй байгаа юм. Эл түүх Хятадад хамааралтай юу” гэх таамгийг дэвшүүлэн хэлэлцэж эхэлсэн аж. Улмаар одоогоос 9 жилийн өмнө буюу 2014 онд археологич н.Одбаатар тэргүүтэй баг Эрдэнэтээс Сяньбигийн үеийн бунхант булшийг анх илрүүлж, 2019 он хүртэл малтлага, судалгааны ажил хийж, Сяньбигийн үеийн булш гэдгийг баталсан байдаг. Тиймээс энэ удаагийн малтлага судалгаа эл түүхийг дахин бататгахаас гадна Сяньби гэлтгүй бусад цаг үед хамаарах бунхнаас илэрч байгаагүй сонирхолтой олдвор, тус үндэстний уламжлалын талаарх өвөрмөгц таамаглалуудыг гаргаж ирлээ. Ингэхдээ хамгийн чухал нь хүнээр тахил өргөж, зан үйл үйлдсэн гэх тус булшнаас өдгөө Монгол ёс заншлын тахилга тайллагад хэрэглэж эрхэмлэн дээдлэхээс гадна аливаа дайллага цайллагын хамгийн эрхэмд тооцдог дал дөрвөн өндөр олсон юм. Ингээд тэдний гайхалтай нээлтийг сонирхуулъя.

Сяньбигийн бунханд ажилласан Археологичид 2023.08.02

Биднийг бунхант булшны судалгааны газар очиход шөнөжин орсон борооны улмаас булшны үүд хэсгийг гялгараар битүү хучиж, археологичид ээлжлэн сахиж гялгар дээр ус тогтмогц хүрзэднэ зогсож байв. Тэд энэ ажлаа шөнө дундаас хойш хийж буй аж. Шорооны ширхэг бүрийг гараараа малтана, олж нээнэ, хадгалж хамгаалан гээд амаргүй ч гайхалтай ажил.

Нийт 40 гаруй өдрийг судалгааны талбайд өнгөрүүлсэн энэхүү гайхалтай нээлтийн эзэд бол Улаанбаатар их сургуулийн Түүх, археологийн тэнхимийн оюутнууд болон доктор Т.Идэрхангайн үе үеийн мундаг шавь нар байв. Тэд нэг хүн шиг сэтгэж, нэг хүн шиг хөдөлж хийж буй зүйлдээ олзуурхан хичээж буй нь ямар эх оронч археологичид болохыг нь харуулж байсан юм.  Тиймдээ ч дэлхий дахинд дахь судлаачдын эргэлзээг бат болгож Төв азийн зүрхэнд орших Монгол Улс агуу гүрний үргэлжлэл мөн шүү гэдгийг бататгалаа.

Тэдний энэ ажил хүнд бас бэрх, хэдэн зууны өмнөх руу ухарсан мэт. Тэр үеийн байршлаар нь бунхныг малтана гэдэг нь эхлэлээсээ төгсөл хүртэл нарийн мэдрэмжтэй улаан гараараа үзэлцэнэ гэсэн үг. Ингээд зогсохгүй байгаль, цаг уурын ямар ч нөхцөлд өдөр шөнийн алинд ч өөрсдийгөө бус олдвор, бунхан, булшаа хамгаална. Аз гэдэг ховор тохиох тааварлашгүй мөч. Харин хөдөлмөр гэдэг гарцаагүй тохиох гайхамшиг гэдгийг эл баг хамт олон жил дараалан харуулав. Эл багт 19 хүрэх гэж буй охид, хөвгүүдээс эхлээд 28 хүрч яваа магистр аспирант судлаачид багтсан. Тэд ер дөө 20 орчим бүрэлдэхүүнээр мөнгө биш сэтгэл ажил хийж болдог гэдгийг сэтгэлээс хийж буй ажил ямар үр дүнд хүрдгийг үлгэрлэлээ. Цааш монгол хүн бүр тэднээр бахархаж, дэлхий тэднийг биширнэ гэдэг нь дамжиггүй ээ.

Археологичид 2023.08.02

Тус бунхныг анх доктор Т.Идэрхангай, шавь Д.Цэндийн хамт судалгаа хийх явцдаа олж, илрүүлсэн бөгөөд тухайн үедээ анх хараад жоохон ажигласнаа “Энэ Сяньбигийн үеийн булш байна” хэмээсэн байдаг.

Улмаар газрын байрлал гаднах тогтцын шинжлэн зөвшөөрлөө авч малтлагын ажлаа 2021 онд эхлүүлж, өмнөх онд уг газарт байрлах өөр нэг булшнаас тарвага, тарвагатай ойролцоо биетэй хоёр араатан амьтан, буга илрүүлсэн юм. Энэ нь Сяньбигийн гэлтгүй бусад цаг үед хамаарах бунхны амнаас олдсон зүйлсдээ харьцуулшгүй бөгөөд анхны тохиолдол Монголд байхгүй нээлт байсан билээ. Энэ үед мөн л Улаанбаатар их сургуулийн Түүх археологийн ангийн 1, 2 дугаар курсийн оюутнууд болон магиструуд баг болон ажиллажээ.

Харин энэ удаагийн сонирхолтой олдвор бүхий 9 дугаартай бунхан эл газарт байх 20-иод бунхнаас хамгийн өндөр нь бөгөөд том булшнуудын нэг юм.

Энэ талаар Археологич, Доктор Т.Идэрхангай, “Энэхүү дурсгалт газрыг анх 2019 оны намар анх илрүүлж байсан. 2021 оноос анхны малтлага судалгааны ажлыг Улаанбаатар их сургуулийн оюутны дадлагын ажлын хүрээнд эхлүүлсэн. Энэ жил бид гурав дахь жилдээ малтлагын ажлаа үргэлжлүүлж байна. Бид энэ зун Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр энэхүү малтлага судалгааны ажлаа явуулж байгаа. Энэ жил бид долоо болон ес дугаартай хоёр бунхныг илрүүлээд малтлагын ажлаа явуулж байна. Энэхүү булшны гаднах шуудуу нь нэгдүгээрт, хамгаалалтын систем болдог. Хоёрдугаарт, сүнсний ундаалга гэж үздэг. Гуравдугаарт, энэхүү бунхныг сэрүүн байлгах зорилготой хийсэн гэж манай түүхчид үздэг. Мөн уг шуудууг нь яг тухайн үеийнх нь анхны байдлаар нь гаргаж малтсан. Өөрөөр хэлбэл яг л ийм хэлбэртэй байсныг нь 1800 жилийн туршид шуудуунд хуралдсан шороог нь л бид нар авсан гэсэн үг.

Есдүгээр бунхан

Энд нийт 20 орчим бунхан байна. Түүнээс хаад язгууртны 13 бунхан байгаа гэж үзсэн. Бунхнууд хоорондоо гадаад зохион байгуулалтын хувьд ялгаатай. Чулуу шороо холилдсон бунхан байна. Дан шороон бунхан байна. Ямар ч чулуу оруулж өрлөг хийгээгүй. Энд том 4,5 бунхан байгаа юм. Иймд үүнээс хамгийн том хэмжээтэй 9 дугаарын бунханд малтлагын ажил явууллаа.

ОХУ-ын АУИС-ийн аспирант, магистр Д.Цэнд, “Манай судалгааны багийнхан энэ жилийн хувьд ес болон долоо дугаартай хоёр булшийг малтаж судалсан. Энэхүү зэрэгцээ оршиж буй хоёр булшийг гадуур нь 39х19 хэмжээтэй буюу нийтдээ 741 метр кв талбайг хамруулан малтлага судалгааг хийсэн. Өнгөн хөрсний цэвэрлэгээг энэ талбайн дагуу доод тал нь хориос тавин см гүнтэйгээр өнгөн хөрсний цэвэрлэгээг явуулсан. Ингэснээр энэ булшийг үйлдэж байсан үеийн хөрсийг нь гаргаж ирсэн гэсэн үг. Өнгөн хэсгийн цэвэрлэгээний дараа шуудуу болон үүдэвчний толбо нь ялгарч эхэлдэг. Үүний дагуу доош шуудууны хэлбэрийг гаргасан. Бунхны маань овгор дараас бол хоёр метр гаруй өндөртэй. Шуудуу маань метр тавь гаруй гүнтэй. Үүдэвчний хувьд хаалганаасаа үүднийхээ үзүүр хүртэл нийт 10.8 метр урттай. Доошоо зургаан метр гаруй гүнтэй.

Мөн судалгааг эхлүүлэхэд тонуулчдын ул мөл ч юм уу тийм зүйл илэрсэн. Тэр нь  доошоо оршуулгадаа тултал яваагүй. Доошоо гурван метр орчим яваад зогссон. Цааш ул мөр илрээгүй гэсэн үг. Тэгэхээр энэ булш маань тоногдсон шинж байхгүй. Энэ нь малтлагын явцад тодорхой болсон.

Энэ хашаанд байгаа бунхны хамгийн өндөр нь энэ. Харин хэмжээний хувьд яг хажууд нь байгаа арав дугаартай нь арай том гэсэн үг. Гэхдээ хамгийн өндөр нь бол ес дугаартай энэ бунхан маань байгаа.

Есдүгээр бунхан

-Тэгэхээр яг энэхүү бунхан, язгууртны булшнаас олдож байгаа олдворыг яаж Сяньбигийн үеийн гэж тодорхойлсон бэ. Цаг хугацааг тодорхойлоход нэлээдгүй олон жил шаарддаг шүү дээ.

-Монгол Улсын эртний дурсгалууд маш их бий. Ялангуяа Хүннүгийн үеийн хот суурин, хаад язгууртны бунхан, булш, ширийн иргэдийн 20 мянга орчим оршуулга гээд л их бий. Гэтэл Сяньбигийн үеийн дурсгал Монголд байдаггүй байсан. Өнөөдөр гэхэд Сяньбигийн үеийн хот суурин гэж байхгүй, хадны зураг гэж байхгүй. Гэхдээ 2014 оноос язгууртны булшнуудыг илрүүлэн судалж байгаа. Энэ бол хоёр дахь нээлт болж байгаа. Хамгийн анхны илэрч Эрдэнэтэд олдсон. Тус бунханд Үндэсний музейн судлаачид судалгаа хийгээд Сяньбигийн үеийн гэж тогтоосон байгаа. Харин бид одоогоор бидний судалгаа гурав дахь жилдээ явж байгаа учир тодорхой он цагийн судалгааны хариу арай ирээгүй байгаа. Гэхдээ бидний энэ удаагийн язгууртны булш нь гадаад зохион байгуулалтаараа 2014 оны Сяньбигийн бунхантай яг ижил байгаа. Мөн дотроос нь олдсон олдворууд маш олон зүйлээрээ ижил байсан. Тиймээс бид эхний байдлаар Сяньбигийн үеийнх гэж үзэж байгаа. Үүнийгээ мөн Монголын археологийн хурал дээр танилцуулж бататгаад байна.

Мөн энэхүү бунхан өмнө олдон Сяньбигийн бунхнаас хамаагүй том бас өргөн. Ийм хэмжээтэй бунхан өөр хаана ч олдоогүй. Бунхны үүд хэсэг алсаасаа налсан байдалтай 17 метр үргэлжилнэ.

Бунханд орвол, Үүдэвч хэсэгт модоор сүүдрэвч хийж, шороо чигчилж чулуугаар хаасан байдалтай байсныг сул шороог нь гаргаж нээж орсон байдалтай. Хаалга хэсэг 2 метр орчим өндөр, бунхан дотор маш хүйтэн бөгөөд дотоод байдлыг ажиглавал нэг л язгууртны булш аж. Ингэхдээ бунхны хоймор хэсэгт ноён түүний хатан байсан бололтой хоёр авс байрлаж байна. Харин бусад хэсэгт оршуулгын зан үйл болон тахилд хэрэглэгддэг байсан гэж үзэж буй ваар, бэлэгдлийн зуух байрлана. Мөн үүд хэсэгт оршуулгыг дагалдуулж хоёр хүнээр тахилга хийсэн байдалтай хана түшүүлж босоо байдлаар суулгаж оршуулсан хоёр хүний арга яс байрлаж байна.

Сяньбигийн үеийн язгууртны бунхан

Хамгийн сонирхолтой нь бунхны шорооu гаргах үед олдсон хоёр язгууртны авснаас арга яс нь гарч ирээгүй. Археологичдын таамгаар оршуулга нь илрээгүй нь энэ хүмүүсийн биеийн энд тавих боломж байгаагүй гэж үзсэн байна. Учир нь дайн тулаанд явж амь эрсдээд биеийг нь авч ирэх боломжгүй байсан учир оршуулга яаж хийдэг бүх ёс, тахилга хийгээд бунхан хийсэн байж болзошгүй. Ингэхдээ авсанд нь шороо хийгээд тагласан байжээ.

Язгууртны авс

Мөн бунхны үүд хэсэгт энэ хүн өөрөө анчин хүн байсан бололтой нэг дорго, гурван шувууг сүлжмэл дэрсэн зүйлд хийж тавьсан. Энэ бүхнээс хасгийн гайхалтай нь энд дал дөрвөн өндөр байгаа юм. Гэтэл өнөөдөр Монголчуудын хүндэтгэлийн идээ шүүсэнд дал дөрвөн өндөр ордог. Тиймээс энэ уламжлал Сяньбигийн үеэс уламжлагдсан гэдэг нь баримтаар харагдаж байгаа юм. Энэ бол эртний бунхнаас анх удаа дал дөрвөн өндөр илэрч буй тохиолдол юм.

Дал дөрвөн өндөр

Археологийн тэнхимийн магистр, Эрдэм шинжилгээний ажилтан А.Намсрайжамц, Есдүгээр бунхны хөнгөний хэмжээг дурдвал өндөр нь 2.17 см, өргөн нь 2 метртэй. Багалзуур хэсгээс буюу хаалганаасаа хоймор хүртэл 5.30 см байна. Бунхны төв хэсэгт байх хоёр авсны том нь уртаараа 2.17, өргөн нь 70 см, жижиг авс нь мөн адил урт өргөн нь 65 см байгаа юм. Авсыг бүдүүн банзаар хийж өгсөн бөгөөд банзны урт 10-8 см зузаан байсан. Одоогоор банзны мод шороондоо хадгалагдаж үлдсэн. Харин мод нь өмхрөөд байхгүй болсон гэсэн үг.

Харин тахилга хийсэн бололтой хоёр арга ясны хувьд нэг нь хажуу хананд нь суугаа байдалтай байсан нь он цагийн явцад доош сууж гавлын яс нь салтаандаа ирсэн байдлаас харагдаж байгаа. Харин нөгөө арга ясыг нь арай бага зэрэг налуулж суулгасан байсан. Бунхнаас нийт 24 ваар илэрсэн. Бүгдийг нь шавраар хийсэн. Мөн булшийг шороогоор дүүргэхдээ вааруудын хажууд чулуу ивээс болгоно хийж хөмгөө битүү шороогоор дарж, чигчилж өгсөн. Ингэснээ ваарууд одоог хүртэл бүтнээрээ хадгалагдаж ирсэн.

Мөн эл бунхнаас олдон дал дөрвөн өндрөөр Монголчууд Сяньбигийн үргэлжлэл гэдгийг, ан амьтнаас Сяньбичууд ан гөрөө хийдэг байсныг, бусад эд юмс тахилгаас хүнээс танил өргөдөг байсан зэргийг таамаглан судалгааны ажлаа эхлүүллээ.

Археологич, Доктор Т.Идэрхангай, Энэ нь Монголын түүхэнд Сяньбичуудтай холбогдох хамгийн том бунхан болж байна. Олон зүйлээрээ тухайн үеийн нүүдэлчид байсныг нь тодорхойлох баримт болж байна. Мөн долоо дугаартай бунхны хувьд энэ газарт байрлах бүх бунхнаас ганцаараа дан чулуун дараастайгаараа онцлог.

Түүнчлэн энэ бунхнуудад маш том давуу тал байгаа нь эдгээрийн хөрс бүхэлдээ шаварлаг хөрс, нурах эрсдэлгүй гэсэн үг. Гэтэл эдгээр бунхнууд бүгд газар доогуур бөөр бөөрөөрөө наалдаж байрласан байгаа юм. Хоорондоо 20,30 см зайтай. Мөн нэг эгнээгээр цувуулж хийсэн нь энэ хэсгийг аялал жуулчлалын томоохон байгууламж болгож, бунхнуудаа доогуур нь холбож музей болгох юм бол энэ гайхамшиг болно.

Долоо дугаартай бунхны үүдэвч хэсэг 4 метрийн урттай, дотроо 2 метр гаруй өндөр. Мөн үүдийг нь огцом доош хийж өгсөн нь хажууханд байх бунханд тулж буйгаас болсон хэмээн үзсэн байна. Иймд энэ бунхан руу шатаар уруудаж орно.

Долдугаар бунхан

Археологич, магистр Б. Батчимэг, Хадгалалт, хамгаалалт сэргээн засварлалт гэдэг археологийн шинжлэх ухаанд нэн чухал зүйл. Манай багийн нэг онцлог нь газар дээр нь сэргээн засварлалт хадгалалт хамгаалалтаа хийгээд явдаг. Бидний археологийн судалгаанаас гадна давхар хийж буй нэг нарийн судалгаа бий. Энэ нь эртний шавж судлал Өмнөх жилээс уг судалгааг хийж эхэлсэн. Яагаад гэвэл өмнөх жилийн олдвороос хоёр арга яс гарсан. Үүний нэгнийх нь тархины хөндий болон амны хөндийгөөс тодорхой хэмжээний шавжийн эд эрхтний зүйл олдсон. Үүнийг бид мэргэжлийн судлаачидтай хамтран судлаад хоёр төрлийн цох байна гэж үзсэн. Эхний цох нь сэгц цох буюу зөвхөн ялзарсан махаар хооллодог цох. Нөгөөх нь махчин цох байсан. Улмаар энэ жил судалгаагаа үргэлжлүүлж эдгээр шавжуудын хувьсан өөрчлөлтийг судалж байгаа.

Есдүгээр бунханаас олдсон араг яс

Мөн энэ жилийн малтлагаас шавжийн эд эрхтнүүдийн зарим нь бүтнээрээ хадгалалт маш сайтай олдсон. Ингэснээр бидний нэгэн таамгийг баталсан судалгаа болж өгч байна. Бид өмнөх жилийн олдворуудаа судалж Сяньбичууд хүнээр тахилга хийдэг байсан юм байна гэх таамаглал гаргасан. Гэхдээ баталгаа болж чадахгүй байсан. Гэтэл хоёр бунхны нэгнээс нь шавж илэрч, нөгөөхөөс нь илрэхгүй байна гэдэг нь дотнын болон язгууртан хүнийг оршуулахдаа шавжид идүүлэхгүй байхаар хамгаалах арга хэмжээ авдаг.

Харин тахилаар оруулж байгаа хүний хувьд огт янзалж засаагүй. Улмаар нас барснаас нь хойш 8-12 хонгийн дотор оршуулсан байгааг шавжийн хоол тэжээлээр тогтоосон байгаа. Үүний үр дүнд Сяньбичууд хүнээр тахил өргөдөг байсныг батлах шинэ төрлийн судалгаа гарч ирж байна. Энэ судалгаа Монголд одоогоор огт хийгдээгүй. Энэ төрлийн судалгааг хийх судлаач ч байгаагүй. Иймд бидэнд маш их цагаан орон зай байна гэж харж байгаа.

Археологичдын нээж өгсөн энэхүү гайхалтай түүхэн бунхныг цаашид орон нутаг, засаг төрөөс дэмжиж, аялал жуулчлалын нэгээхэн том объект болгоно биз уу. Учир нь эл түүх, энэ л үзмэрүүдийг сонирхон ирэх гаднын эрдэмтэн судлаачид, аялагчид хязгааргүй билээ. Мөн Монгол оронд жуулчид хадны зураг, урлагийн тоглолт үзээд буцахаас илүүтэй дэлхийд яригдах нэгэн гайхамшигт үзмэр Монгол орны зүүн хойд бүс нутгаас илэрлээ.

ФОТО: