Орхон аймгийн иргэн Д.Мөнхдалай, Ц.Батцэцэг нарын гэр бүлд бүрэн тавилгатай гэр гардуулав

Орхон аймгийн иргэн Д.Мөнхдалай, Ц.Батцэцэг нарын гэр бүлд бүрэн тавилгатай гэр гардуулав

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачлан хэрэгжүүлж буй “Бүрэн Монгол” төслийн баг өнөөдөр Хөвсгөл аймгийн уугуул, Орхон аймгийн иргэн Д.Мөнхдалай, Ц.Батцэцэг нарын гэр бүлд бүрэн тавилгатай, өргөө цагаан гэр гардуулав.

Д.Мөнхдалайнх хоёр хүү, нэг охинтой. Өрхийн тэргүүн Д.Мөнхдалай улс орныхоо хөгжил цэцэглэлтэд амьдралынхаа 22 жилийг зарцуулсан хүндтэй нэгэн. Цусны идэвхтэн донор байсан 2008 оноос эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа гарчээ. Харин олноо “Том” хэмээн алдаршсан гэргий Ц.Батцэцэг нь эрүүл мэндийн манаанд 37 жил ажиллааад зогсохгүй хүн ардынхаа энх амгалан амьдралын төлөө 70 гаруй литр цусаа хандивласан Хүндэт донор юм. Мөн дунд хүү нь ч бас идэвхтэн донор болсон гэр бүлээрээ олны төлөө чин сэтгэлтэй үлгэр жишээ хүмүүс юм. Ц.Батцэцэгийг Орхончууд бол андахгүй. Тэд хоёул Хөвсгөл аймгийн Хатгал сумынх, Орхон аймагт амьдралаа холбоод 33 жил болж байгаа, нутгийн зон олондоо хийсэн бүтээснээрээ танигдсан нэр төртэй хүмүүс. Төслийн утга агуулгатай ч нийцсэн оролцогч болохыг ирсэн зочид хэлж байна.

Гэрийн эзэн Д.Мөнхдалай орд цагаан гэрээ гардах үедээ “Гэнэтийн үйл явдал болж, хэлэх үг олдохгүй болтол сэтгэл хөдөлж байна. Сэтгэл их хангалуун байна. Энэ гэрээс бөхийн аварга төрүүлж чадахгүй ч хөдөлмөрийн аварга төрүүлэхээ амлая” гэлээ.

Төслийн хамт олонд ажлын амжилт хүсэж энэ гэрийг өнгөтэй өөдтэй авч яьж, сайн сайхан арчлан авч явахаа гэргий Ц.Батцэцэг нь хэлэв. “Бүрэн Монгол” сангаас 21 аймагт үлгэр жишээ айл, өрхүүдэд гэр гардуулж байгаа ба Д.Мөнхдалайнх 16 дахь нь болж байна.

Энэхүү сайн үйлсэд Орхон аймгийн “Улаан загалмай” нийгэмлэг, Онцгой байдлын газар, Баян-Өндөр сумын удидлагууд болон тус аймаг дахь “Бүрэн Монгол” сангийн хамт олны хичээл зүтгэл их байсныг дурдах нь зүйтэй болов уу. Өнөөдөр Булган аймагт гэр гардуулах арга хэмжээ болох юм.